Г.Төгөлдөр: Намын даргын сонгууль хууль, дүрмийн зөрчилтэй болсон

Монгол Ардын Намын (МАН) Бага хурлын үеэр намын даргын сонгуультай холбоотойгоор хууль, дүрмийн зөрчил гарсан талаар тус намын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр уг үйл явцыг нээлттэй бус, улс төрийн намын хууль болон намын дүрэм зөрчсөн хэлбэрээр болсон гэж үзэж байна.
Г.Төгөлдөр: “Бага хурал эхнээсээ хууль, дүрмийн зөрчилтэй байсан”
“Улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх зохицуулалттай. Гэтэл МАН-ын Бага хурал эхэлсэн цагаасаа эхлэн намын дүрэм болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн” хэмээн Г.Төгөлдөр мэдэгдлээ.
Түүний хэлснээр хамгийн эхний зөрчил нь намын дарга Л.Оюун-Эрдэнийн чөлөөлөгдөх үйл явцтай холбоотой байжээ.
“Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаа ямар шалтгаанаар өгч буйгаа зөвхөн амаар илэрхийлсэн. Харин дүрмийн дагуу бол энэ шийдвэрээ албан ёсоор өргөдлөөр илэрхийлэх ёстой. Гэтэл өргөдөл байхгүй. 'Амаараа хэлсэн юм чинь болчихсон' гэх байдлаар шийдвэр гаргасан нь дүрмийн ноцтой зөрчил юм.”
Хурал даргалагчийн тогтоол хоёр өөр агуулгыг нэгтгэсэн нь юу илэрхийлэв?
МАН-ын даргын асуудлаар гаргасан тогтоолын тухайд Г.Төгөлдөр дараах зүйлийг онцолсон.
“Бага хурлын даргалагч бэлтгэсэн тогтоолд ‘намын даргыг чөлөөлсөн’ болон ‘шинэ дарга томилсон’ гэх хоёр өөр шийдвэрийг нэг тогтоолд нэгтгэсэн байсан. Энэ нь ямар ч нэр дэвшигч сонгогдохгүй тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ намын даргын албан тушаалд хэвээр үлдэх нөхцөл бүрдүүлэх зорилготой байсан мэт харагдаж байна.”
Санал хураалтын үйл явцад мөн ноцтой зөрчил гарсан гэж тэрээр үзэж байна. Тухайлбал,
“Санал хураалтын журмыг тооллогын комиссоос баталсан. Гэтэл намын дүрэмд тооллогын комисс ийм эрхтэй гэж заагаагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нэр дэвшигчдийн аль нь ч нийт гишүүдийн гуравны хоёрын санал авч чадаагүй тохиолдолд зөвхөн хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг үлдээж, хоёр дахь санал хураалт явуулна гэх журам гарсан нь мөн буруу. Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаа хэрэг.”
“Ардчиллын зарчмаар бол дахин санал хураалт явуулах ёстой. Харин энэ тохиолдолд санал өгөх боломжгүй гишүүдийн эрхийг шууд хассан. Хуульч хүний хувьд би энэ үйл явдалд итгэж чадахгүй байна.”
Бага хуралд баталгаажсан гишүүдийн дүн, үр дүн
Бага хуралд баталгаажсан 442 гишүүн оролцсон ч, эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч гуравны хоёрын саналыг авч чадаагүй байна. Ийм нөхцөлд Монгол Ардын Намын дүрмийн дагуу асуудлыг Их хурлаар шийдэх ёстой байжээ.
Гэвч бага хурлын хүрээнд шууд хоёр дахь санал хураалтыг явуулсан нь эрх зүйн зөрчилтэй шийдвэр болсон гэж Г.Төгөлдөр үзэж байна.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын даргын өөрчлөлтийг 60 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хүргүүлэх үүрэгтэй. Харин Дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэр гаргах ёстой.
“Гэвч энэ удаагийн Бага хурлын үйл явц нь хууль, дүрмийн зөрчилтэй тул энэ шийдвэрийг шууд Дээд шүүхэд өгөх үү, эсвэл Их хурлаар батламжлах уу гэдэг асуудал үүсч байна” гэж Төгөлдөр хэлсэн юм.
Санал хураалтын дүнг нүдэн баримжаагаар гаргасан уу?
Санал хураалтын үеийн нэг ноцтой асуудал бол тооллогын гишүүд дийлэнх олонх гэдгийг нүдэн баримжаагаар шийдсэн явдал байв.
“Мандатаа өргөсөн гишүүдийн тоог тоолоогүй, харин нүдэн баримжаагаар дийлэнх олонх гэж үзэж шийдвэр гаргасан. Энэ бол хариуцлагагүй, ойлгомжгүй, хууль зөрчсөн үйлдэл юм.”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ