
Дэлхийд байхгүй өндөр үнээр гурван жил гаруйн хугацаанд шатахуунаа авч, ус балгасан юм шиг дуугай байсан монголчуудыг “шулах аянд” дотоодын хэдэн монополь компани улайрснаар монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх шахав. Ийн хэлэхийн учир нь дэлхийн бусад улс орон АИ-92 бензиныг 1280, А-80 1060 гэх мэт төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр худалдан авч байхад 2008 оноос хойш монголчууд бид дэлхий дахины тогтоосон энэ дундаж үнээс даруй 500 орчим төгрөгийн нэмэгдэлтэйгээр шатахууны хэрэгцээгээ хангасаар ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ талаар төр Засгийн хэмжээнд нэг ч үг дуугарсангүй.
2008 онд оросууд Монголын нутагт шатахуун түгээх 100 станц байршуулна гэж манай Засгийн газар, холбогдох яаманд захидал илгээж байсныг олон хүн санаж байгаа. Харамсалтай нь энэ нь Монголын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бүтэшгүй үйлдэл тул С.Баярын Засгийн газар болон С.Батболдын албатууд үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Харин энэ шийдвэрийн оронд 2008 оноос эхлэн ОХУ-ын зүгээс Монгол руу нийлүүлэх шатахуун дээр экспортын татвар тавьж, бид дэлхийн зах зээл дээрх шатахууны үнээс даруй 400-500 төгрөгөөр авч эхэлсэн.
Дэлхийн хаана ч байхгүй энэ дарангуйллын талаар төр Засгийн хэмжээнд өнөөдрийг хүртэл дуугарахгүй явсаар ирсэнийг олон эх сурвалж улс төрийн тохироо хэмээн үздэг юм. Сонгуулийн өмнөхөн болсон энэ үйл явдлын талаар Монголын төр өнөөдрийг хүртэл дуугарсангүй. Манай зарим улс төрийн хүчинд сонгуулийн өмнөхөн ОХУ-ын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлдэг гэдгийг бид сүүлийн хэдэн сонгуулийн жишээгээр гадарлах болсон.
Тэднийг сонгуулийн өмнөх санхүүжилтээ ийм замаар босгодог байж болзошгүй гэсэн таамгыг ч олон жилийн өмнөөс дэвшүүлсээр ирсэн. Үүнийг батлаж өнөөдрийн төрд суугаа 76 дотор шатахууны бизнестэй холбоогүй улстөрч цөөхөн бий.
Манай улсын шатахууны цоргыг нээж хаадаг “Роснефть” компанитай хамгийн нягт хамтран ажилладаг “Ник-Петровис”, “Сод Монгол” группын талаар энд дурьдахгүй өнгөрч болохгүй. “Сод Монгол”-ын захирал нь Ц.Анандбазар. Хоёулаа МАН-ын бага хурлын гишүүн. Өөрөөр хэлбэл улс төр рүү хөл тавьж яваа хүмүүс юм. Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний үнэ яаж өсөх, буурах нь энэ хоёр хүний ааш араншингаас хамааралтай гэж хэлж болох ажээ. Монголын улстөрчидтэй үгсэн монголчуудын хоолойг боомилох “Роснефтьтэй үгсэн хуйвалдагчидтай хавсран монголын шатахуун нийлүүлэгч компаниуд үгсэн хуйвалдаж, ард түмнийг туйлдуулсаар.
Хүн бүхний сайн мэдэх нэгэн жишээ татахад, монголын бүх агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн шатахууныг “Сод Монгол” гэх ганц компани хангадаг бөгөөд дэлхийн хаана ч байхгүй өндөр үнээр шатахуунаа нийлүүлдэг тул монголоос нисэж буй онгоцнууд зөвхөн нэг талдаа хэрэглэх шатахуунаа авч, буцаж нисэхдээ зорчигч, ачаа тээвэрлэхийн оронд шатахуунаа хямд үнээр нөөцөлж байна. Ийм нөхцөлд монголд нислэгийн үнэ хямд байх боломж байх уу. Энэ мэтээр тэдий ааг аяаггүй хэрээс хэтэрсэн үйлдлүүд монголчуудыг элгээр нь хэвтүүлж байгаа.
Алийн болгон тэдэнд дарлуулж явахав. "Шунхлай”, “Сод Монгол” гээд цөмөөрөө улс төрөөр “Өвчилсөн” шатахууны компаниуд болсон. Тэдний бизнес өнөөдөр улс төрийн томчууд, эрх баригчдын хамгаалалтан дор байна. Яаж ч яриад нэмэр алга. Засгийн газар нь “колонк”-ын дарга нарынхаа амыг харна. Тэд үнэ нэмнэ гэвэл шонгүй толгой дохиод өнгөрнө.
Өөрөөр хэлбэл, Монголд “Колонк”- ийн засаглал тогтжээ. Шатахууны үнэ нэмэгдэх тоолонд энэ тухай хэвлэлүүд бичдэг. Даан ч дарга нар нь тоохгүй юм. Гэхдээ дахиад хэлэхээс аргагүй. Энэ “колонк”-ийн дарга нарын монополийг задлаад өгье. Уг нь их амархан л даа.
Шатахуун импортлогч тэдгээр компаниудын 51 хувийн эзэмшлийг төр худалдаад авчихад болно. Тэрхүү хувьцааг нь иргэд маань аваг. Ингэвэл хяналт сайжирна. Гэхдээ энэ үйлдэлд “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “Петровис”-ын Ж.Оюунгэрэлээс эхлээд дургүйцэх биз. Ард түмнээ элгээр нь хэвтүүлсэн эдгээр хүмүүст ард түмэн 2012 онд хэрхэн хайр халамж үзүүлэх бол.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ