Д.Ганмаа: Ж.Чинбүрэнг Ёс зүйн дэд хороонд өгсөн

img

 

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар эмч, багш нарын цалин хангамжийн асуудал хэлэлцэгдэв. Тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, нийгмийн хамгааллын нөхцөл байдал, эмч нарыг үнэлэх бодит систем хэрэгтэй байгааг онцлон хөндсөн юм.

Гэвч хуралдааны дараа таагүй зүйл болж өнгөрсөн тухай тэрбээр олон нийтэд мэдээлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүн рүү хандан “Аятайхан байгаарай, хохино шүү” хэмээн дарамталсан гэж Д.Ганмаа гишүүн хэвлэлд мэдэгдсэн.

"Би хэлэх ёстой үгээ хэлсэн. Эмч, эмнэлгийн ажилчдынхаа төлөө л дуугарсан. Гэтэл намайг ийм байдлаар айлган сүрдүүлж, дохио сануулга өгч байгаа нь туйлын ёс зүйгүй үйлдэл. Энэ асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй" хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлсэн.

Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уг мэдээллийг эрс няцаасан. Тэрбээр,

“Миний хэлсэн үгийг буруу ойлгосон байх. Би дуунаас илүүтэй сэтгэл хөдлөлөөр ярьсан байж магадгүй. Хэн нэгнийг дарамтлах, сүрдүүлэх зүйл болоогүй” хэмээн тайлбарлав.

Гэсэн ч гишүүн Д.Ганмаа энэ асуудлыг зүгээр орхихгүй гэдгээ мэдэгдэж, уг явдлыг албан ёсоор УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүлж, өргөдлөө гаргасан талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ.

"Ёс зүйн дэд хороонд өргөдлөө өгсөн. Одоо л харна даа" гэжээ.

"Эмч нарт хамгийн түрүүнд тавигдах шаардлага бол ёс зүй"

УИХ-ын гишүүн Д.Ганмаа өөрөө эмчийн гэр бүлд өсч хүмүүжсэн нэгэн. Аав, ээж нь эмч мэргэжилтэй байсан гэдгийг тэрээр онцлоод:

“Би багаасаа эмчийн амьдралыг харж өссөн. Тэр л мэргэжлийн хүндлэл, хариуцлага, ёс зүйн хатуу шалгуур надад суусан. Эмч хүн мэдлэг чадвараас гадна хамгийн түрүүнд ёс зүйтэй байх үүрэгтэй. Гэтэл энэ асуудлаар дуугарсан гишүүнийг дарамталж байгаа нь харамсалтай” гэж байр сууриа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ