
Сүүлийн үед Ардчилсан намын хоёр залуу хуульч олны анхаарлыг татсан хүчтэй мэдэгдэл хийлээ. Тэд хуульчийн төрөлх араншингаараа асуудалд хандаад байх шиг. Тухайлбал, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх УИХ-аас Стратегийн ордуудыг баталсан 2007 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Таван толгойн ордын нэг хэсэг болох "Энержи ресурс" компанийн “Ухаа худаг”-ийн ордын 50 хүртэлх хувийг төр өөрийн мэдэлд авах ёстой гэв.
2007 оноос хойш Засгийн газар зориуд ч гэмээр юм шиг мартаад хэрэгжүүлэхгүй байгаа УИХ-ын энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан нь олигархуудад “гэнэтийн бэлэг” болж багагүй сандарч байгаа гэнэ.
Харин нөгөө нэг хуульч, улстөрч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нь алдарт долдугаар сарын 1-ний хэргийг хав дарж, ард түмэнд мартагдуулах санаатай байсан улс төрчдийн санаархалыг салхинд хийсгэж орхив. Нэг нь сургууль төгссөнөөсөө хойш хуульчдын халуун тогоонд ханцуй шамлан хөдөлмөрлөж, нөгөө нь ирээдүйн хуульчдыг бэлтгэх гэж хууль зүйн дээд сургуульд багшилж байсан тэдний хувьд өнөөх бохир улстөрийн тогоон дахь амьдралд уусахыг хүсэхгүй байгаа бололтой. Хуульч хүний шударга, үнэний талд зогсдог тэр чанар нь монголын улстөрийн тогоонд тоон дотор үсэг цохиж яваа мэт "сондгой" харагдуулах болов. АН-ын хоёр хуульчийн үйлдэлд зарим "улстөрчид" муу дүн тавьж байхад ард түмэн эсрэг үнэлгээ өгөх болжээ. Аль нь жинхэнэ үнэлгээ бол....
СЭТГЭГДЭЛ БИЧИХ