“Титан” шумбагчийн сүйрлийн шалтгааныг тогтоожээ

img

 

 Атлантын далайн ёроолд буй "Титаник" хөлөг рүү шумбаж явах замдаа сүйрч, таван хүний аминд хүрсэн “Титан” шумбагч аппаратын ослын  шалтгаан нь инженерийн зураг төслийг боловсруулах явцад гарсан алдаа байсныг тогтоосон тухай  “CNN” суваг мэдээлжээ. 

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн (NTSB) тайланд дурдсанаар, “Титан” шумбагч хөлгийн зураг төслийг боловсруулах явцад инженерийн тооцооллын алдаа гарснаар “бүтээцийн олон доголдолтой, бат бөх, найдвартай байх шалгууруудыг хангаагүй нүүрстөрөгчийн мяндсаар хийгдсэн даралтат кабин бүтээхэд хүрсэн” байна. Мөн уг аппаратыг туршилтыг хангалтгүй хийсэн, аюулгүй байдлынх нь талаар найдвартай мэдээлэлгүй байсан гэж дурджээ.

Түүнчлэн, хэрэв “OceanGate” компани онцгой нөхцөл байдлын үед мөрдөх тогтсон протоколуудыг баримталсан бол шумбагчийг эрт илрүүлэх боломжтой байжээ. Энэ нь “багийнхныг аврах боломжгүй байсан ч цаг хугацаа, нөөцийг хэмнэх байсан” хэмээн дүгнэсэн байна.

NTSB-ийн тайлан нь АНУ-ын Эргийн хамгаалалтын албанаас 8 дугаар сард нийтэлсэн баримт бичгийн дүгнэлттэй таарч байгаа бөгөөд уг тайланд “Титан” шумбагч аппаратын дотоод даралтаас үүдэлтэй дэлбэрэлтээс (имплоз) урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж үзжээ. Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Вашингтон муж улсад төвтэй “OceanGate” компанийн аюулгүй ажиллагааны журам нь “маш хангалтгүй” байсан бөгөөд журамд заасан аюулгүй байдлын арга хэмжээ болон бодит үйл ажиллагаа хоорондоо “илт зөрүүтэй” байв.  "OceanGate" компани 2023 оны долоодугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Тайланд, хүн дотор нь суун шумбах зориулалттай аппаратууд болон бусад даралтат битүү шумбагчуудыг судлах мэргэжлийн комисс байгуулахыг АНУ-ын Эргийн хамгаалалтын албанд зөвлөжээ. Мөн уг шумбагч аппаратын сүйрлийн шалтгааны дүгнэлтэд тулгуурлан холбогдох техникийн болон зохицуулалтын стандартыг боловсруулж, хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

"Титан" шумбагч аппарат 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр “Титаник” хөлөг онгоц живсэн газар руу шумбаснаас хойш хоёр цаг орчмын дараа сүйрч, аппаратын бүхээгт байсан таван хүн бүгд амиа алдсан юм.  Түүн дотор шумбалтыг зохион байгуулсан “OceanGate” компанийн гүйцэтгэх захирал 61 настай Стоктон Раш,  Британийн судлаач 58 настай Хэмиш Хардинг, 48 настай Шахзада Давуд, түүний хүү 19 настай Сулеман Давуд, Францын судлаач 77 настай Поль-Анри Наржеоле нар байжээ.                                                   Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ