Монголчуудыг ‘’харх’’ шиг амьдруулаад сургачихаж...

img

 

Монголчууд ер нь ‘’харх’’ шиг хүмүүс юм. Сайн, муу, муухай, сайханд  дасан зохицож амьдрах чадвартай. Чадвартай ч юу байх билээ. Зүгээр л ингэж амьдруулаад сургачихаж.  Амьдрал хэцүү байна гэж арга ядсан ч зөвхөн довоо шарлуулдаг, би л болж байвал гэсэн эгоизмтой хүмүүсийг төрийн эрх ээлжиж барьсан нам, бүлэглэл ингээд сургачихсан байна. Тиймдээ ч улстөрчдийг утасны цаанаас л ‘’харааж’’ уцаарлахаас хэтийдэхгүйгээр сүүлийн 14 хоног шатахуунд шөнө оройгүй урт дараалалд хэдэн цагаар ч хамаагүй дугаарлаж л байна. Харин шатахууны банк нь дүүрчихсэн бол маргааш юу болох эсэх нь  ард нь дугаарлагсад шатахуунтай үлдэнэ үү байна уу хамаагүй. Яагаад гэвэл би болчихсон юм чинь гэсэн аминч үзэл нь төр болж тоглогсдоор өөрсдийгөө нулимуулахад хүргэж буй.

Ер нь саарал ордны цонхоор амьдрал ямар харагдаж байгаа бол ?

Талх хэдэн төгрөгийн үнэтэйг мэдэхгүй, сарын нэг сая төгрөгийн цалингаар хэрхэн амь зогоож буй иргэдийн амьдралаас тасарчихсан дарга нарт улс орны эдийн засаг, инфляц, цалин, тэтгэвэр, тэтгэмж яах нь падлий байхгүйг ‘’Дарга хэн болох вэ’’ гэдэгт л санаа зовж байгааг сүүлийн 14 хоног харуулж байна.

 Монголын эдийн засаг сүүлийн хоёр жилд гадаад эрсдэл болон дотоодын бодлогын алдаанаас үүдэн улам уналтад орж буй. Монголбанк, Сангийн яамны мэдээллээр 2025 оны 8-р сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 8.8 хувь, Улаанбаатарт 9.8 хувь хүрчээ.
Хоол хүнсний үнэ 14 хувиар, түлш шатахууны үнэ 18 хувиар өссөн.
Эдгээр өсөлт нь цалин хангамжийн нэмэгдлээс гурав дахин өндөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг улам бүр хумьж байна. Монгол Улсын өр 39.6 тэрбум ам.долларт хүрч төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнээс болж нийгмийн үйлчилгээний сангууд болох Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан хоёулаа санхүүгийн дарамтад ороод буй.

Хэзээ энэ бүхэн цэгцэрч хэвийн болох юм бол бүү мэд. Ардын амьдрал ямар байгаа нь ч эрх баригч намд сонин биш болж. Тэд хэн МАН-ын дарга болох вэ гэдэг ‘’цусгүй дайн’’ эхлүүлчихсэн. Тэгээд үүнээсээ гарч чадахгүй, ёстой ‘’бантан’’ хутгаж яваа.

ЭМДС нь мөнгөгүй, эмнэлгүүд санхүүжилтгүй гээд бараг зүү, тариагүй, мэс заслын утасгүй, нэг удаагийн бээлийгүй, хөвөн, бентгүй байна. ЭМД сар бүр төлөөд эргээд хүртэх ямар ч өгөөжгүй, санхүүжилт байхгүй, тиймээс төлбөрөө төл үгүй бол ‘’үх’’ гэх нь холгүй байнаа энэ улс чинь.

2024 оны жилийн эцсийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөр 218 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс болж эмнэлгүүдэд олгох санхүүжилт гацаж, улсын эмнэлгүүд “санхүүжилтгүй” гэж өвчтэй иргэдийн амыг таглаж, зарим нь төлбөртэй үйлчилгээ рүү шилжээд удаж байна.

НДС ч хоосорчихсон... Ажлаасаа гарсан иргэд ажилгүйдлийн тэтгэмж гэж авдаг. Ажилласан жил зэргээс шалтгаалаад 76 хүртэлх хоногтой тэнцэхүйц хэмжээний тэтгэмж авдаг нь дараагийн ажилтай золгох хүртэл иргэдийг бага ч болов эрсдлээс хамгаалах механизм юм. Гэтэл энэ мөнгө 7-р сараас хойш олгогдохгүй байгаа бөгөөд 2 мянга гаруй иргэн тэтгэмжээ авч чадахгүй байна. Сангийн яамнаас  төрийн албыг цомхон болгох, үндэсний хороонууд татан буугдсантай холбоотой ажилгүйдлийн тэтгэмж тодорхойгүй хугацаанд хойшлогдож буй гэх үлгэр ярьж байна. Үнэн хэрэгтээ улс мөнгөгүй болчихсон.

Багш, эмч нар нь цалингаа нэмэгдүүлье гээд ажлаа хаяад төв талбай дээрээ жагсаж буй. Авдаг хэд нь хүрэлцэхээ байж арга ядсандаа хүйтэн цемент дээр өдөржин сууж бархирч байх вий дээ. Гэтэл П.Наранбаяр ажил хаях нь хууль бус, зориуд өөрсдийг нь муухай харагдуулах гэж зохион байгуулалттай жагсаж байгаа болохоос цалин мөнгөөр дутагдаад байгаа зүйл алга гэх нь холгүй юм ярьж буй. Эмч нар ч ялгаагүй. Цалингаа 3.5 сая төгрөгт хүргэж байж тэмцлээ зогсооно гэдгээ хатуу мэдэгдчихсэн. Гэтэл тэдний цалинг 15-20 хувиар нэмэгдүүлэх боломж л бий. Үүний тулд 800 тэрбум хэрэгтэй, хэцүү байна гэж Засгийн газар зовлон тоочиж байгаа. Хүсвэл шийдэл олдоно. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг танахад л эмч, багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломжтойг тоо боддог толгойтой хэдэн гишүүд нь хэлээд л байгаа. Даанч МАН-ын улстөрийн солиорлын шуурганд дарагдаад энэ поинт руу анхаарах хүн маруухан харагдана.

Шатахуунд дугаарлаж буй иргэд, эмнэлгийн үүд сахиж буй өвчтөн, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш, эмч нар, ажилгүйдлийн тэтгэмжээ хүлээсээр байгаа иргэн гээд хөл толгой нь мэдэгдэхгүй, эмх замбараагүй энэ байдал хэзээ цэгцрэх вэ эрх баригчдаа...
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ