Ч.Хүрэлбаатар МАН-ын бүлгийг эвлэрүүлж чадах уу?

img

 

“Хууль бол давж болохгүй шугам. МАН-ын эв нэгдэл Монголын эрх ашигтай шууд холбоотой”

Монгол Ардын Нам дотор үүссэн талцал, хуваагдлыг намжаахаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахалж ажиллахаар болсон. Ажлын хэсэг богино хугацаанд тодорхой үр дүн гаргах үүрэгтэй.

Бид Ч.Хүрэлбаатараас цаг үеийн нөхцөл байдал болон ажлын хэсгийн зорилгын талаар тодрууллаа.

Ажлын хэсэг намаа эвлэрүүлэхийн тулд ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд намын дарга нар, үе үеийн удирдлагууд, гишүүд бүгд оролцсон. Нөхцөл байдлаа бодитойгоор дүгнээд, хуваагдсан талуудтай уулзаж ойлголцох үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан.

Одоогоор хоёр тал тус тусдаа уулзсан, дараа нь бидэнтэй хамтран уулзахаар хүлээж байна. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ажлын хэсгийн ажиллах хүрээ тодорхой, давж болохгүй шугам бий. Энэ шугам бол хууль. Хууль бол хэлэлцэж тохиролцдог зүйл биш. Тиймээс хуулийн хүрээнд л ажиллана.

Мөн бид төрийн хэрэгт оролцохгүй. Зөвхөн намын дотоод асуудлаа шийдвэрлэж, УИХ дахь манай гишүүдийн бүлгийг нэгдэж, төрийн ажлаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна.

Хэрвээ эвлэрэлд хүрэхгүй бол яах вэ?

 “Яах вэ” гэж бодохоосоо өмнө “яаж эвлэрүүлэх вэ” гэдгээ ярья. Монголын эдийн засаг, дэлхийн нөхцөл байдал хэцүү байна. ОУВС-гийн намрын хуралд 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оныхоос ч бага байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь манай улсад сайхан мэдээ биш.

Ийм үед иргэдийн олонхын итгэлийг авсан МАН дотор хуваагдал үүсэх нь Монголын эрх ашигт харш. Тиймээс үе үеийн дарга нар, ахмад улс төрчид санаа зовж, энэ ажлын хэсгийг ажиллуулж байгаа юм.

 Таныхаар МАН-ын хуваагдлын гол шалтгаан юу байсан бэ?

Би өнгөрсөн хугацаанд улс төрөөс хөндий байсан хүн. Гэхдээ гаднаас нь ажиглахад эдийн засаг хүндрэхээр улс төрийн дотор зөрчил хөдөлдөг хуучин жишиг давтагдлаа. Эрх ашгийн зөрчил, улс орны ашиг нэгдүгээрт тавигдах ёстой дараалал алдагдсан гэж харж байна.

Хуваагдсан хоёр тал дараа нь хамтран уулзах уу?

 Тийм ээ. Эхлээд тус тусдаа уулзаж, байр сууриа ойлгох нь зөв. Дараа нь нэгдэж ярилцана. Одоогийн нөхцөлд төсвийн хэлэлцүүлэг хоёрдугаар шатандаа л явж байна. Энэ бол маш хойрго явц. Улс орны эрх ашиг, эдийн засгаа бодох цаг дээрээ ирээд байна.

 Бага хурлаас Д.Амарбаясгаланг даргаар сонгосон шийдвэрийг та хууль, дүрмийн хүрээнд гэж үзэж байна уу?

Бага хурлын өмнөх Удирдах зөвлөлийн хурал дээр би тодорхой байр сууриа хэлсэн. “Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёулаа манай намын лидерүүд. Та хоёр Бага хурал дээр бүү өрсөлдөөч. Их хурал дээр өрсөлд” гэж хэлсэн.

Учир нь Бага хурал дээр өрсөлдвөл санал тэнцүү хуваагдана. 2/3-ын санал авах магадлал бараг үгүй. Үр дүнд нь дүрмийн зөрчил гарна гэдгийг анхааруулж байсан. Харамсалтай нь яг тэр нөхцөл үүссэн.

Тэгэхээр таны хувьд гол зорилго нь юу вэ?

 Намын талцлыг зогсоож, төрийн ажлыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх. Улс орны эрх ашиг намын дотоод зөрчлөөс дээгүүр байх ёстой. Эв зүйгээ олох итгэл надад байна.

Ч.Хүрэлбаатарын хэлснээр, “хууль бол давж болохгүй шугам” гэсэн зарчим баримталж, хуваагдсан МАН-ын гишүүдийг ойлголцолд хүргэх, төрийн ажлыг саатуулалгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ