Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын хэлэлцээр байгууллаа
АҮЭБЯ, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны төлөөлөл аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажууллаа.
УУҮА-ийн мэдээлснээр, энэ сарын гуравнаас эхлүүлсэн хэлэлцээний явцад ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, санал зөрөлдөөнтэй заалтыг харилцан зөвшилцөж тохиролцжээ.
Хамтын хэлэлцээрт хариуцлагатай, тогтвортой уул уурхайн төлөө (TSM) стандартын заалттай уялдуулан, МУУҮА-ийн гишүүн байгууллагын дагаж мөрдөх кодекс, олон улсын стандартаас тусгаж өөрчилсөн. Инфляц, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, үнийн өөрчлөлтийг харгалзан, үндсэн цалинг жил бүрийн эхний улиралд багтаан нэмэх, салбарын хамгийн бага цалин нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмсэнтэй тэнцүү байх, улсын хэмжээнд 2026 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөхгүй тохиолдолд 2.2 дахин нэмэх зохицуулалтыг орууллаа. Мөн бүх ажилтнаа гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд хамруулах, салбарын ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны нэршлийг зөв тодорхойлох, шинэчлэх, индекс/кодыг дүйцүүлэн хэрэглэх, ажилтнуудад сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Түүнчлэн, улсын хэмжээнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын хэлэлцээрийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж, энэ хүрээнд байгууллагууд хамтын гэрээ, хэлэлцээрээ шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжүүлэх юм.
Хэлэлцээрт МУУҮА, "Эрдэнэс Монгол” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Оюу толгой” ХХК, “Платинум Ланд” ХХК, “Хан Алтай ресурс” ХХК ажил олгогчийг төлөөлөн оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ