Ч.Номингийн ''fulham fc''-тэй байгуулсан гэрээ арбитрт дуудагдав
Монгол Улсын төсөв ард түмний халааснаас хураасан татварын мөнгөөр бий болдог. Тиймээс тэр мөнгө хэрхэн зарцуулагдаж, хэнд, ямар үр дүн авчирч буйд иргэд хяналт тавих эрхтэй бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч нараас ил тод байдлыг шаардах бүрэн эрхтэй.
Төсвийн мөнгөөр туйлдаг хэдэн сайд нар бий. Тэдний нэг нь Ч.Номин. Гацуурт компанийн Чинбатын охин Номин улстөрд УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр орж ирсэн. Түүнийг HD Монгол ТВ-ийн захирлаар ажиллахдаа Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлгийг амжилттай явуулж чадсан гэдэг дүгнэлтээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ССАЖ-ын сайдаар томилж байсан юм. Энэ үеэс ‘’кнопны гишүүн’’ болох үүд замаа нээсэн байдаг.
Монголын соёлын өв, язгуур, уламжлал, урлагийн бүтээлийг хамгаалах, дэмжих бодлого хэрэгжүүлэх, Үндэсний брэнд, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх, ЮНЕСКО болон олон улсын соёлын гэрээ, конвенцийн хүрээнд Монголын соёлын өвийг хамгаалах бодлогын яамыг тэргүүлж асан Ч.Номин Монголыг дэлхийд сурталчлах бус эсрэгээрээ балаг тариад явсан баримт ил болсон. “GO Mongolia” хэмээх сүр дуулиантай төслийн үр дүн нь тодорхойгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийж, бүр эцэстээ Монголыг өрөнд оруулчихаж. 2023–2024 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлсэн “Монголд зочлох жил” хөтөлбөр, “GO Mongolia” брэнд нь эхэндээ Монгол Улсыг аялал жуулчлалын чиглэлээр дэлхийд сурталчлах том амбицтай, сайн санаачилга шиг байсан. Гэсэн хэдий ч төсвөөс хэдэн тэрбум төгрөгийн сурталчилгаа, гадаад арга хэмжээ, гэрээ хэлцэл хийгдсэн ч, эцсийн үр дүнд Монголд ирсэн жуулчдын тоо, орлого, салбарын бодит өсөлт гээд өлгөөд авчих үр дүн юу ч байхгүй. “GO Mongolia”-гийн хүрээнд хэрэгжсэн арга хэмжээ, гадаад сурталчилгаанд төсвийн их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч түүний хяналт, тайлан олон нийтэд ил болоогүй. Олон улсын арга хэмжээнд өндөр өртөгтэй гэрээ байгуулсан, гадаадын пиар байгууллагуудтай гэрээ хийсэн гэх мэдээлэл эхнээсээ ил болж буй.

Ч.Номин юун Монголын дэлхийд сурталчлах, харин ч сөрөг пи-ар хийчихсэн. Английн “Fulham FC” багтай байгуулсан гэрээ, маргаантай асуудал өнөө хөвөрч байна. Багийн тал Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл гарч, “Монголыг дэлхийд сурталчилна” гэсэн зорилго нь эсрэгээрээ улсын нэр хүндийг шившиг болгосон хэрэг болон хувирлаа. Одоогоор ямар хэмжээний төлбөр хийсэн, ямар нөхцөлтэй гэрээ байгуулсан зэрэг албан ёсны баримтуудыг олны хэл амнаас болгоомжилж нууцалж байгаа бололтой. Юутай ч Монгол Улсын Засгийн газар Ч.Номингийн балгаар арбитрын шүүхэд дуудагдаж таарах нь.
Ч.Номингийн үед багадаа нэг сая ам.доллараас дээшээ үнийн дүнтэй гэрээнүүд хийгдсэн тухай Ч.Ундрам сайд баталсан. Жишээ нь BBC,CNN, Edelman зэрэгтэй нэг сая ам.доллараас дээш үнэтэй гэрээ хийжээ.
Ч.Номин: ''2023-2026 оныг дамнасан гэрээний хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулсан буюу нийт 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн''
Төсвөөс ганц төгрөг ч аваагүй хэрнээ Монголын нэрийг дэлхийд гаргаж буй олон залуус бий. “MongolZ” цахим спортын баг, сагсан бөмбөгийн охидын шигшээ баг, уран бүтээлчид гээд тэд бүгд халаасныхаа мөнгөөр, сэтгэл зүрхээрээ Монголыг дэлхийд сурталчилж яваа. Тэдний хичээл зүтгэл, хүнд нөхцөлд олж авсан амжилтууд “Монголыг сурталчилна” гэх төрийн сүр дуулиантай пиарын кампанит ажлуудтай харьцуулшгүй үнэ цэнтэйгээр дэлхийд Монголыг таниулж буй.
“GO Mongolia” нэртэй төсөл бодлогын зөв санаачилга байсан байж болох ч, хэрэгжилт муу, хяналтгүй, үр дүн нь тодорхойгүй, хариуцлагагүй байснаар татвар төлөгчдийн мөнгө салхид хийсэж, Монголын нэр хүнд шороотой хутгалдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ