Нью-Йоркт манай тамирчид медалийн хур буулгав

img

 

АНУ-ын Нью-Йорк хотод болж буй “Bill Farrell Memorial” олон улсын тэмцээнээс манай шигшээ багийн тамирчид медалийн хур буулгалаа.

Эмэгтэйчүүд энэхүү тэмцээнээс найм, эрэгтэйчүүд гурав, нийт 11 медаль хүртсэний зургаа нь алт байв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Б.Ганцэцэг, 72 кг-д З.Болортунгалаг нар алтан медалиар энгэрээ мялаасан бол 53 кг-д Ц.Намуунцэцэг мөнгө, 59 кг-д Т.Алтжин хүрэл медаль зүүлээ. Харин эрэгтэйчүүдээс 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ, 86 кг-д Н.Батбилгүүр нар хүрэл, 61 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр мөнгөн медалийн эзэн болжээ. 

Мөн ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан дэлхийн шилдгүүд чуулсан “Поддубного” лигийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга ОХУ-ын Дагестаны Далгат Абдулкадыровыг, 79 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү Ахмед Усмановыг ялсан байна.

Шигшээ багийн эрэгтэйчүүд өнөөдрөөс Филадельфи хотын Пенсильвани болон Лихай их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд оролцоно. Харин эмэгтэйчүүдийг “Колорадо Спрингс” олимпын бэлтгэлийн төвд 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамруулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ