Эминем “Swim Shady” брэндийг шүүхэд өгчээ
АНУ-ын алдарт реппер Эминем Австралийн усны хувцас, далайн эргийн хэрэгсэл үйлдвэрлэдэг “Swim Shady” брэндийн эсрэг хууль эрхзүйн маргаан үүсгээд байна. Тэрээр тус брэндийн нэр нь өөрийн тайзны нэр болох “Slim Shady”-тай хэт төстэй бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай гэж үзжээ. Үүний улмаас Эминем өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Патент, барааны тэмдгийн газарт өргөдөл гарган, “Swim Shady” нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Хуульд зааснаар тус компани ирэх долоо хоногт багтаан Эминемийн өргөдөлд албан ёсоор хариу өгөх ёстой.
Эминемийн зүгээс Австралийн брэндийг өөртэй нь холбоотой мэт ойлголт төрүүлж, хэрэглэгчдэд андуурал үүсгэсэн гэж буруутгаж байгаа бол “Swim Shady” тал мэдэгдэл хийхдээ ямар ч бууж өгөх бодолгүй бөгөөд өөрсдийн оюуны өмчийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Тус брэнд 2023 оны есдүгээр сард нэрээ бүртгүүлж, 2024 оноос бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаанд гаргасан. Анх брэндийн нэр “Slim Shade” байсан ч энэ оны эхээр АНУ-д “Swim Shady” нэрийг барааны тэмдэг болгон баталгаажуулсан байна.
“Swim Shady” нь зөөврийн нарны шүхэр, усны хувцасны хэрэгслийн цүнх болон далайн эргийн бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг.
Харин Эминем 1999 онд “The Slim Shady” нэртэй цомгоо гаргасны дараа “Slim Shady” нэрийг АНУ-д барааны тэмдэг болгон бүртгүүлсэн бөгөөд Австралид уг нэрийг зөвхөн энэ оны нэгдүгээр сард бүртгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ