Монгол, Болгарын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болов

img

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус улсад суугаа Элчин сайдын яам Софи хот дахь Болгарын Үндэсний музейн Их танхимд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгар Улсын Ардын Их хурлын гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Байнгын хорооны дарга Росица Кирова, Болгар Улсын Шадар сайд бөгөөд Зам, харилцаа холбооны сайд Гроздан Караджов, Болгар Улсын Гадаад хэргийн дэд сайд Николай Павлов нар хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж, үг хэлэв.

Болгар Улсын Ардын Их Хурал, Гадаад хэргийн яам, Тээвэр, харилцаа холбооны яам, Эдийн засаг, үйлдвэрийн яам, Софи-гийн их сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, Болгарт сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд, тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар зэрэг 200 орчим төлөөлөл энэхүү түүхэн ойн 75 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

Мөн өдрийн өглөө Болгарын Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны хүндэтгэлийн танхимд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгар Улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Д.Недялков нар “Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон -“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурав.Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улс, Болгар Улсын Төрийн дуулал болон монгол, болгар дууг Монгол Улсаас тусгайлан урьсан Монгол Улсын Консерваторын дуулаачийн тэнхимийн эрхлэгч, Болгарын хөгжмийн академийн төгсөгч Ч.Чинзориг, Монгол Улсын Консерваторын дуулах урлагийн багш Ч.Батцэнгэл, Болгар Улсын Бургас хотын дуурийн театрын гоцлол дуучин Аглика Петрова нар Болгар Улсын Батлан хамгаалах яамны харьяа Хүндэт харуулын үлээвэр, найрал хөгжмийн хамтлагийн хамтаар эгшиглүүлэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 166 дугаар зарлигаар Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Их Хурлын гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Росица Любенова Кироваг “Найрамдал медаль” шагнасныг Элчин сайд Л.Саянаа гардуулав.Монгол Улсын ЭСЯ энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төв архив, Болгар Улсын Архивын агентлаг, МОНЦАМЭ агентлаг хамтран “Монгол-Болгарын дипломат харилцааны түүх”, “Орчин цагийн Монгол”, эртний монголчуудын хадны сүг зургийн “Сая сая өдрүүд” сэдэвт цомог, гэрэл зургийн үзэсгэлэнг болгарын олон нийтэд танилцуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ