Хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллэж байна
Монгол Улс “Цахимаар нэн түрүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ирэх таван жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр 66 төсөл, үйл ажиллагааг зохион байгуулна.
ЦХИХХЯ-ны мэдээлснээр, тус стратегийн хоёрдугаар зорилтод төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлов. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Оракл компанийн “Skills Development Initiative” санаачилгад нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Ингэснээр дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч Оракл компанийн Oracle Academy хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 60.000 эмч, багш зэрэг төрийн албан хаагчид болон иргэдэд олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах боломж бүрдэх юм.
Мөн залуус өдөр тутмын амьдралдаа өгөгдөл, хиймэл оюуныг ашиглах, хиймэл оюун, өгөгдлийн сан, өгөгдлийн менежмент, өгөгдлийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвар эзэмшихээс гадна иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал хөгжил, технологийн шинэчлэлийг дараагийн шатанд гаргах стратегийн ач холбогдолтой юм. Дэлхийн хэмжээний корпорацтай урт хугацааны, тогтвортой түншлэлийг бэхжүүлж буй томоохон алхам ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ