''Онтрэ'' ба Монголын байр суурь
УИХ-ын Хянан шалгах түр хороо энэ өдрүүдэд Оюу толгойтой холбоотой олон жилийн хуримтлагдсан асуудлыг нийгмийн өмнө ил гарган хэлэлцэх нээлттэй сонсгол эхлүүлж байна. Ирэх таван хоногийн турш төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл төрөөс гарсан шийдвэрүүд, тэдгээрийн бодит хэрэгжилт болон улс орны эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг тоймлон шалгах юм.
Сонсголын хэлэлцэх сэдвийн нэг хэсэгт олон нийтийн анхаарлыг татаж буй Шивээ толгой, Жавхлантын хоёр лиценз багтаж байна. Эдгээр нь Оюу толгойн бүлэг ордын таван лицензийн талбайн нэг хэсэг бөгөөд Онтрэ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Газрын гүнд орших хүдрийн биет нь нэг тогтцынх боловч газрын дээр лицензийн хил зааг өөр эзэмшигчид харьяалагддаг нь өнөөдрийн маргааны үндсэн суурь юм.
2000-аад оны эхээр Туркойс Хилл Ресурс компани Онтрэтэй хэлцэл хийж, талбайд оруулах хөрөнгө оруулалтаа хуваалцах, цаашид өгөөжийг хамтран хүртэх зарчмаар хоёр талын хамтын ажиллагааг зохион байгуулсан байдаг. Энэ тохиролцоо нь стратегийн ордод төр хувь эзэмших эрх зүйн зохицуулалт бий болохоос (2006 оны Ашигт малтмалын хуулийн шинэчлэлээс) өмнө хийгдсэн гэдгээрээ онцлог.
Гэрээний гол утга нь Туркойс Хилл Шивээ толгой, Жавхлантын талбайд хийгдэх хайгуул болон бусад үйл ажиллагаанд санхүүгийн тодорхой хувь нэмэр оруулж, үүнийхээ оронд эдийн засгийн ашигт хамтран оролцох эрх авах зарчим байв. 2005 онд Туркойс Хилл энэхүү эрхээ Айвенхоу Майнз Лтд.-д шилжүүлсэн бөгөөд тус компани 2005–2008 оны хооронд нийт 35 сая ам.долларын зардал гаргажээ. Энэ хэмжээний хөрөнгө өнөөгийн ханшаар 60 сая ам.доллартай тэнцэх буюу 200 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэнэ.
Хөрөнгө оруулалтын үүргүүд биелсэнтэй зэрэгцэн 2008–2009 оноос эдийн засгийн үр өгөөжийг хуваарилах механизм хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Шивээ толгой, Жавхлантын талбайгаас гарах баялгийн эдийн засгийн ашиг нь 80 хувь нь Оюу толгой компанид, үлдсэн 20 хувь нь Онтрэ ХХК-д ногдох зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ