Х.Нямбаатар даргаа хальтиргаа багассан уу?

img

 

Нийслэл энэ жил явган хүний замыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарч, байгалийн чулуун хавтангаар шинэчлэх технологи нэвтрүүлж буйгаа удаа дараа мэдээлж байгаа. Хотын удирдлагуудын хэлснээр шинэчлэлтийн үр дүнд хальтирч унах, гэмтэх үзэгдэл 15 хувиар буурсан гэх боловч энэ тоо бодит нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж чадаж байна уу гэдэг асуулт гарч ирж байна.

Хотод төлөвлөсөн 204 мянган ам метр шинэчлэлийн 60 хувь нь хийгдсэн гэх. Гэхдээ хийгдсэн ажлын чанар, бат бөх байдал, стандартын хэрэгжилт зэрэг нь тоо баримтаас илүү чухал байна.

Хотын өмнөх жилүүдийн туршлагаас харахад:

  • шинээр тавьсан хавтангууд богино хугацаанд цуурч, хугарах,
  • байгалийн чулуун хавтан нэртэй боловч чанар муутай материал ашиглах,
  • популист зорилготой богино хугацааны өнгө будагт анхаарсан ажил давамгайлах
    тохиолдлууд байсаар ирсэн нь худал биш.

Ийм нөхцөлд “ажлын явц 60 хувь” гэх тоо бодит ахиц дэвшил гэхээсээ илүү ажлын гүйцэтгэлийн тайланг гоё харагдуулах зорилготой мэт харагдаж буй.

Шинэ хавтангийн микробарзайлт 6–12 микрометр болсон нь техник талаасаа сайжирсан үзүүлэлт. Гэхдээ ийм замаар иргэд үнэхээр айх айдасгүй алхаж чадаж байгаа юу? аль эсвэл пингвин алхалтаар явж байна уу? Тэгээд ч аль улирал, аль өдрүүдийн тоон үзүүлэлт дээр үндэслэв? шинэчлэгдээгүй зам дээрх уналт ослыг тооцоонд оруулсан уу? иргэдийн гомдол, санал юу байна?гэсэн суурь шалгуур үзүүлэлтүүд ил тод байхгүй хэвээр байна. Хэрвээ дээрх тоон үзүүлэлтүүд нээлттэй биш бол 15 хувийн бууралт нь хэр бодитой, ямар аргачлалаар гарсан нь эргэлзээтэй л юм.

Улаанбаатарын хамгийн том шалгуур бол өвлийн улирал. Хавтангийн микробарзайлт сайжирсан гэдэг нь нэг хэрэг, харин бодит байдал дээр замын мөсжилт, цасны дараах арчилгаа хамгийн их нөлөөтэй. Хэрэв хот цэвэрлэгээний бодит ажлаа сайжруулахгүй бол хамгийн сайн барзайлттай зам ч мөсөн давхаргад дарагдвал ямар ч нэмэргүй буюу хальтиргаа буурахгүй, иргэдийн гомдол нэмэгдэнэ.

Шинэчлэлийн ихэнх ажил хотын төвийг тойрон байрласан нь бас нэгэн маргаантай асуудал. Хотын төвийн аялал жуулчлал, үзэмж сайжрах нь давуу талтай ч иргэдийн олонх амьдардаг захын хорооллын зам, явган хүний орчин эвдэрхий, гэрэлтүүлэг муутай, хүүхэд, өндөр настанд аюултай байсаар байна.

Ингэхээр хотын даргын иргэдээс ‘’лайк’’ царайчлах шинэчлэл жинхэнэ иргэддээ хүрч чадсан бодлого уу, эсвэл зөвхөн хотын төвийн өнгө зүсийг сайжруулах төдий ажил уу гэдэгт дүн тавихад оройтохгүй.

Явган хүний замын шинэчлэл бол зөв бодлого. Гэхдээ яаж хэрэгжүүлж, ямар хяналттай, ямар чанартай хийж байгаа нь бодлогын бодит үнэ цэнийг тодорхойлно.Иргэдийн алхах орчин сайжрах нь зөвхөн шинэ хавтан тавих биш, харин чанартай гүйцэтгэл, арчлалт, бодит хариуцлага гээд чамгүй олон асуудал шаардах ажил юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ