Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталснаар жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
Тэгвэл энэ жилийн “Хамтын эрх-Хариуцлага” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссоос уг өдрийг тохиолдуулан хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Женевт 1945 онд хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, нийгмийн зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байжээ. Улмаар 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн комиссыг байгуулж, анхны Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” бол хүний үндсэн эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан баримт бичиг бөгөөд хүний эрхийн баталгааны зорилт, суурь хэмжүүрийг олон улсын хэмжээнд анх удаагаа зарлан тунхагласан байдаг.
Энэ тунхаглалд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан бий. “Хүн бүхэн заяагдмал эрхтэй” хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ