Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан засгийн шийдвэр, олон улсын хэлэлцээг ч хувьдаа ашигтайгаар гаргуулж эхэллээ
Төмөр замын тээвэр ложистикийн том бизнестэй, Монголын нутаг дэвсгэр дэх бараг нэг хэсгийг атгадаг гэж хэлж болох магнат Б.Дэлгэрсайханыг яагаад Зам тээврийн сайд болгосон юм бэ. Илэрхий ашиг сонирхлын зөрчилтэйг мэдсээр атал тэр салбарын бодлогыг атгуулдаг нь хуваагаад ид гэдэг зарчим уу.
Тэгж хэлж болох үйл явдлууд энэ салбарт өрнөсөөр байна. Эртнээс зохион байгуулж, ул үндсийг тавьж байгаад бүр бодлого шийдвэр гаргуулж, энэ хүний хувийн эрх ашгийг хамгаалан, бизнесийг цэцэглүүлж байгаа зарим баримт, логикийн задаргааг харъя.
Баримт 1. Нүүрс тээврийн төмөр замын тээврийн зардлыг 50 хувь буурууллаа хэмээн хэдхэн хоногийн өмнө Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар чанга дуугаар мэдэгдэж, бүгд нийтээр алга ташин хүлээж авав. Гэтэл түүний үр ашгийг хэн хүртэх вэ гэдэг сонин. Төмөр замын тариф дотроо маш олон задарна. Дээрх тариф бол Суурь бүтэц ашиглалтын тарифыг буулгасан явдал юм. Энэ тариф тээвэрлэгчид л үйлчилнэ. Тээвэрлэгч гэхээр зөвхөн вагон, зүтгүүр хоёуланг ашигладаг компанид хэрэгжинэ. Монголд тийм хоёрхон компани бий. Нэг нь эрхэм сайд Б.Дэлгэрсайханы “Монголиан транс лайн”, нөгөө нь Бодь групп гэж байгаа. Гэхдээ сайд Б.Дэлгэрсайханы хувийн компанид үр ашгаа өгнө. Учир нь Бодь энэ талбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй бололтой. Бодийг шахдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын төмөр зам дээгүүр буюу улсын төмөр зам дээр зөвхөн эрхэм сайдын хувийн компани л мөнөөх 50 хувийн хөнгөлөлтийг бараг дангаар эдлэх юм байна. Бусад компаниуд тэрхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд сайдын компанид хандана. Тэхээр хувийн хэдэн компани байдаг, эрхэм сайдад хэдий хэмжээний мөнгө төлбөр төлж тэр замаар явах вэ, тэр хөнгөлтийг эдлэх вэ.
Баримт 2. Ихэнхдээ БНХАУ, ОХУ-д болдог Олон Улсын 10 гаруй орны Хилийн хэлэлцээ 2025 оны 3 дугаар сард Монголд болов. Түүгээр нүүрс, жонш, төмрийн хүдрийн вагон цувааны өдөрт гарах тоо хэмжээг тодорхойлдог байна. Үүнд эрхэм сайд эртнээс бэлтгэнэ ээ.
УИХ-ын Сонгуулийн тойрог томсгосон нь ч эрхэм сайдад сайнаар нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл говийн бүс зүүн талдаа бүхэлдээ, нийт аймаг сумдын засаг захиргааг атгах эрх дарх түүнийх болов. Тухайн орон нутгаар дамжин өнгөрөх нүүрсний авто тээврийн НАФТ-уудын хөдөлгөөнийг хязгаарлаж, хорих “алсын хараатай” бодлого явуулна. Орон нутгийн засаг захиргаагаар тийм шийдвэр гаргуулж, хэрэгжүүлнэ. Тэхээр төмөр замуудад нийлэх нүүрсний хэмжээ багаснаа даа. Ингээд Хилийн хэлэлцээ хийж байгаа юм. Нүүрсний хэмжээ багассан тул бусад уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал төмрийн хүдрийн хилээр гарах тоо хэмжээ, давтамжийг нэмэгдүүлсэн байна. Төмрийн хүдэр хэнийх үү, эрхэм сайдын Болд ерөө голын төмрийн хүдэр хилээр гарах давтамж олон болчихож байгаа юм. Ийнхүү энэ жилийн Хилийн хэлэлцээгээр Эрээн-Замын Үүдийн нүүрс тээврийн галт тэрэгний ачааны хэмжээг хоёр хоногт нэг удаа болгоод, төмрийн хүдрийг 4-5 болгов. Өмнө төмрийн хүдрийн ачаа гурван удаа гардаг байсан нь эрхэм гишүүнд чамлалттай санагдаж, салбарын сайд болсноор ийнхүү бодлогоор өөртөө ашигтайгаар бүр олон улсын гэрээ хэлэлцээрт оруулчихаж байгаа юм. Үүнээс ноцтой, дэндүү даварсан ашиг сонирхлын зөрчил гэж байх уу.
Үүнийг УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд мэддэг болов уу. Их хурал мэдэхгүй байлаа гэхэд засаг дээр шийдвэр гардаг бус уу. Ингэж эрхэм сайд нүүрс тээврийн 30 гаруй компанийн 6000 гаруй вагон ачааг гацааж, ажилгүй болгож, шантаажилж, өмнөө сөхрүүлдэг аж. Түүний цаана ямар эдийн засгийн эргэлт, хэдэн гэр бүл өрхийн амь амьдрал шалтгаалж, бизнес нь шатаж байгааг тооцоход бэрх. О. Зөөлөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ