Энэтхэгийн сансрын агентлаг хүнд хиймэл дагуул хөөргөжээ
Энэтхэгийн сансар судлалын байгууллага /ISRO/ лхагва гарагт тус улсын өмнөд нутагт орших Сатиш Дхаваны нэрэмжит сансрын төвөөс хамгийн хүнд хиймэл дагуул болох “BlueBird Block-2”-ыг тээсэн “LVM-3” пуужинг хөөргөжээ.
Нийт 6 тонн гаруй жинтэй “BlueBird Block-2” нь Дэлхийн нам тойрог замд байршуулсан хамгийн том арилжааны харилцаа холбооны хиймэл дагуул бөгөөд “Энэтхэгийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн хамгийн хүнд ачаа юм” гэж сансрын агентлаг мэдэгдсэн байна.
АНУ-д төвтэй “AST SpaceMobile” компанийн бүтээсэн “LVM3-M6” пуужинг орон нутгийн цагаар өглөөний 8:55 цагт хөөргөжээ. Хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсныг ISRO-гийн мэдэгдэлд дурдсан байна.
Тус агентлаг нь сансрын нисгэгчдийг сансарт илгээх “Гаганьян” хөтөлбөр зэрэг ирээдүйд хийхээр төлөвлөж буй нислэгүүддээ “LVM-3” пуужингийн шинэчилсэн хувилбарыг ашиглахаар төлөвлөж байгаа юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ удаагийн хөөргөлтийг сансар судлалын салбарын хувьд “чухал алхам” хэмээн сайшаажээ. “Энэ удаагийн хөөргөлт нь хүнд даацын ачаа хөөргөх Энэтхэгийн чадварыг бэхжүүлж, дэлхийн арилжааны хөөргөлтийн зах зээл дэх бидний өсөн нэмэгдэж буй байр суурийг бататгаж байна” гэж тэрбээр мэдэгдлээ.
Утас, интернэтийн салбарынхан болон бусад компаниуд харилцаа холбооны сүлжээгээ улам өргөжүүлэн сайжруулахыг эрмэлзэж байгаа энэ үед Энэтхэг улс арилжааны хиймэл дагуулын бизнест өөрийн байр сууриа баталгаажуулахыг эрмэлзэж байна. Мөн тус улс 2027 онд сансрын жолоодлогот хөлөг хөөргөхөөсөө өмнө Сар руу нисгэгчгүй хөлөг хөөргөхөөр бэлтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ