ШИЙДЭЛГҮЙ МАРГААН, ХҮЛЭЭЛТ ДҮҮРЭН ДОЛОО ХОНОГ ӨНГӨРӨВ
Өнгөрсөн долоо хоногт улс оронд онцгой содон, гайхуулж гялтайлгах үйл явдал өрнөсөнгүй. Харин ч сүүлийн 14 хоногийн турш яригдсан маргаантай асуудлууд шийдэлд хүрэлгүй, нэг байрандаа эргэлдсэн, тайлбар давамгайлсан долоо хоног байлаа. Эрх баригчид бодит шийдвэр гаргахын оронд хариу тайлбар өгч, эдийн засагт дарамт нэмэгдэж, олон нийтийн дунд “одоо яах бол” гэсэн хүлээлт давамгайлав.
Сөрөг хүчний оролдлого улс төрийн бүтэлгүйтлээр төгслөө
Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн хамгийн анхаарал татсан үйл явдал бол Ардчилсан намын зүгээс эхлүүлсэн Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Даваа гарагт АН-ын дарга О.Цогтгэрэл Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акцыг жагсаалаар эхлүүлж, иргэдийн амьдрал доройтсон, шатахууны хомсдол үүссэн, төрийн данхар бүтэц олон нийтийг туйлдуулж байна хэмээн шаардлага тавьсан юм.
Гэвч бодит байдал дээр уг жагсаал нь олон нийтийн өргөн дэмжлэг авч чадалгүй, намын залуусын зохион байгуулалттай акц хэлбэртэй болж өндөрлөсөн нь сөрөг хүчний сул талыг ил гаргав. Үүний дараа Засгийн газрыг огцруулах саналыг дэмжих гарын үсэг цуглуулах оролдлого ч нам дотроосоо хангалттай дэмжлэг авч чадалгүй, АН дотооддоо ч нэгдэж чадаагүй нь тод харагдлаа.
Эцэст нь огцруулах оролдлого бүтэлгүйтэж, АН болон МАН-ын зургаан гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан, төрийн албаны бүтцийг бүхэлд нь шинэчлэх чиглэлтэй УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах шийдэлд хүрсэн нь олны анхаарлыг татав. Гэсэн ч олон нийтийн дунд “жинхэнэ сөрөг хүчин алга”, “огцруулна гэж дуугараад тохиролцчихлоо” гэх шүүмж давамгайлсан хэвээр байна.
Шатахууны хомсдол түр намжсан ч дарамт үргэлжилнэ
Шатахууны хомсдол түр намжсан ч асуудал бүрэн шийдэгдсэнгүй. Харин ч литр тутамдаа 400 төгрөгөөр илүү үнэтэй Евро-92 бензинд шилжсэнээр дарамт урт хугацаанд үргэлжлэх нөхцөл бүрдэв. АИ-92 автобензин ирэх оноос хэрэглээнээс бүр мөсөн гарах нь тодорхой болсон.
Сүүлийн саруудад шатахууны тасалдал эрүүл мэнд, онцгой байдлын салбарт хүртэл нөлөөлөх аюулын түвшинд хүрсэн нь энэ асуудал зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг харууллаа. Эрсдэл харагдсан атлаа нөөц бүрдүүлээгүй, өөр хувилбар бэлтгээгүй менежментийн сул тал нийтэд ил тод болов.
Үнийн өсөлт тээвэр, ложистикоор дамжин хүнс, өргөн хэрэглээний бараанд шингэж, иргэдийн өдөр тутмын амьдралыг улам хүндрүүлж байна. Шатахуун тасалдах бүрд Монголын төрд сайн менежер дутагдаж байгааг дахин сануулж буй хэрэг юм.
Төрийн өмчит компаниудын хувьчлал маргаан дагуулав
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж, энэ долоо хоногийн хамгийн чухал сэдвийн нэг болов. Агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхай, санхүүгийн салбарын 18 компанийн 10–66 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах санал олон талын байр суурийг мөргөлдүүлэв.
Төрийн өмчит компаниуд муу менежменттэй, алдагдалтай ажиллаж, алдагдлаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг тогтолцоо олон жил үргэлжилсэн нь бодит үнэн. Харин ашигтай ажиллавал цөөн удирдлага баяждаг гаж тогтолцоог өөрчлөх шаардлага нийгэмд улам хүчтэй яригдаж байна.
Бизнесийг боомилсон татварын бодлого
Аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасан асуудал сүүлийн хоёр долоо хоногийн турш нийтийн бухимдлын төвд байв. 22 мянга орчим ААН-ийн данс хаагдаж, татварын өр 3.5 их наяд төгрөгт хүрсэн ч энэ нь төсвийг бодитоор аврахгүй гэдгийг ч Засгийн газар дотроо хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Бизнес эрхлэгчид төрийг дэмжигч бус дайсагнагч мэт хандаж байна хэмээн шүүмжилж, албадлагаас зөвлөн туслах татварын тогтолцоонд шилжихгүй бол бизнесийн орчин бүр мөсөн хумигдана гэдгийг анхааруулж байна.
Ахмадын тэтгэврийн нэмэгдэл хүлээлт үүсгэв
Эцэст нь өнгөрөгч долоо хоногт хүлээлт үүсгэсэн сэдэв бол ахмад настнуудын тэтгэврийг 2026 оноос 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр байлаа. 537 мянган ахмадад хамаарах энэхүү нэмэгдлийн нарийвчилсан мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч он солигдох үеэр “бэлэг” болгон зарлагдах төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ