Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна гэв
Сүүлийн өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан хот олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Өнгөрөгч бямба гаригт тус хотын шинэ хорооллын 14 дүгээр байранд газ дэлбэрсэн бол өчигдөр Дархан-Гурил тэжээлийн үйлдвэрт дэлбэрэлт болсон. Энэхүү мэдээллийн дагуу ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан ажлын хэсэг ослын газарт ажиллаад ирсэн байна. Энэ талаар ОБЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа. -Дархан гурил, тэжээлийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн талаар мэдээлэл өгнө үү? -Өчигдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дахь Дархан-Гурил тэжээлийн үйлдвэр ХК-ийн буудай хадгалах элеватор дэлбэрсэн дуудлагыг өдрийн 12.37 цагт өгсөн. Тус үйлдвэр нь 1980-аад онд байгуулагдсан 54 мянган тн буудай хадгалах элеваторын гурван корпусын 83 селостой. Нэг селос нь 30м өндөр, зургаан метрийн диаметртэй, багтаамж нь 500тн буудай хадгалах хүчин чадалтай. Биднийг очиход цилиндр хэлбэртэй байгууламжийн дээд хэсэг, таазны хийц бүтэц задарч обьектоос хойш 30 м орчим шидэгдэж төмөр замын рейс төмөр дээр унасан байсан. Түүнийг цэвэрлэхээр аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Төмөр замын албанаас нийт 9о гаруй албан хаагч квош, төмөр замын кран, хоёр автомашинтай ажиллаж байсан. Нэгдүгээр корпусын 147 дугаар селост 100 орчим тонн буудай байсныг сэлгэлт хийх шигших үйл ажиллагаа явагдаж байх үед дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн хэлтэрхийд тус компанийн ачигч 33 настай, эрэгтэй Э-гийн толгой хагарсныг эмнэлэгт шилжүүлсэн. Мөн Зил-130 самосвал машины урд талын цонх хагарсан. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. -Тус үйлдвэрт дахин дэлбэрэлт гарах магадлалтай гэдгийг зарим эх сурвалжаас мэдээлж буй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа юу? -Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр дэлбэрэлтийн шалтгааныг эцэслэнэ. Дахин дэлбэрэх эсэхэд баталгаа өгөх аргагүй. Гэхдээ элеваторт хадгалагдаж байсан буудай удаан хугацаагаар дараатай байснаас халалт үүсч дэлбэрэх тохиолдол өмнө нь ч гарч байсан. Өчигдрийн осол ч мөн адил халсан буудайг тээвэрлэх явцад дэлбэрэлт болсон. Одоо 134 дүгээр селост 100 орчим тонн буудайг яаралтай суллах шаардлагатай байгаа. Түүнийг зөөвөрлөх ажлыг холбогдох байгууллагууд яаралтай эхлүүлсэн. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ