Х.Булгантуяаг өмөөрөхүй
Хууль ёс бол сонгож, цойлддог, дохио зангаа байх ёсгүй
Хэдхэн сарын өмнө парламентын индэр дээрээс алх цохиж байсан хүн өнөөдөр яллагдагчаар татагдаж, тогтоолтой танилцсан, танилцаагүй гэсэн маргааны эзэн болоод сууж байх нь хувь хүндээ хувь заяаны тохуурхал, улс төр талаасаа тогтворгүй байдал, хууль зүйн талаасаа их л “шударгуу” ёс юм биздээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэдэг зүйлчлэлээр УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Ц.Сандаг-Очир, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Баасандорж нарт хэрэг үүсгэн ТЕГ-аас яллагдагчаар татаж буй гэсэн мэдээлэл яваад байдаг. Үнэн, эсэх талаар эрх бүхий байгууллага дуугарах нь зөв байх.
Онцолж Х.Булгантуяа тэр өдөр Монголын ард түмний төр барих төлөөллийн байгууллагын индэр дээрээс маш буруу зүйл хийсэн, үнэн. Тэр гишүүдийг төсөв хэлэлцэж байна хэмээн тойргоор нь дарамталж, хэдэн мянган сонгогчийн санал авснаар нь цоллон, зарим гишүүний хэлсэнчлэн шөнөжин унтуулаагүй. Нэг ирцээр хоёр өдөр хуралдуулж мунхагласан. Эцэст нь тэд Үндсэн хууль зөрчсөн.
Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэгт цэрэг зэвсгийн хүчээр төрийн эргэлт хийх, хүчирхийллийн замаар эрх мэдлийг авах, сонгуулийг хүчингүй болгох, хууль бус аргаар өөрчлөх, Үндсэн хуулийн дэг журмыг эвдэх зэрэг арга зам байдаг аж. Ямар үр дагавартай вэ гэвэл ард түмний сонгох, сонгогдох эрхэд халдах, хууль дээдлэх ёс нуран унах, иргэний мөргөлдөөн үүсэж, эдийн засаг унах зэрэг улс оронд ноцтой хор хохирол учруулна. Улбаалаад засаглал өөрчлөгдөх, систем нурах, дарангуйлал тогтох гээд маш аюултай. Гэхдээ манайд ийм зүйл болоогүй, болох ч үгүй. Учир нь Монгол ардчилсан парламентийн засаглал дээр бат нот зогсож чадсан.
Парламент бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Санал хураах журмаар шийдвэр гаргадаг. Гэтэл 90 гаруй гишүүний саналаар шийдвэр гарсан. Тэхээр тэр 90 гаруй гишүүн бүгд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн байж таармаар юм. Гэтэл алх цохих төдий үүрэг бүхий, хурлын дэд дарга ганцаар төрийн эрх мэдэл авах гэсэн болчихоор нэг л буруу, гажиг сонсогдоод байгаа юм. Ингэж цойлдох замаар цаашид явбал юун ардчилсан, шударга улс. Энэ хэлмэгдүүлэлт биш үү. Сонгох замаар бусдад өгөх дохио биш үү. Хууль ёс бол сонгож, цойлддог, дохио зангаа байх ёсгүй. Хууль бол хууль, 1+1тэнцүү хоёр гэдэг шиг байх ёстой юм аа. Тийм шударга өнцгөөр харвал санал өгсөн бүх гишүүн төрийн эрх авахыг санаархсан болох ёстой биздээ.
Б. Зөөлөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ