ТАМИРЧНАА ӨВЛИЙН ОЛИМПОД ҮДЭЖ ӨГЛӨӨ
Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангиас Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд дэслэгч Э.Ариунтунгалаг Итали Улсын Милан–Кортина хотод 2026 онд зохион байгуулагдах XXV өвлийн олимпын наадамд оролцох юм.
Тус олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Дэслэгч Э.Ариунтунгалаг нь Монгол Улсын гүйлтийн цанын 26 удаагийн аварга, Цэргийн мэргэжлийн 2022 оны аварга, марш, тактикийн тусгай бэлтгэлийн 4 удаагийн аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, гүйлтийн цанын дэлхийн аваргын “А” ангиллын тамирчин, Олон улсын хэмжээний мастер юм.
Олимпын наадамд оролцохын өмнө тэрбээр ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, үдэх ёслолд оролцлоо. Ёслолын үеэр ангийн захирагч, хурандаа М.Батдорж болон ангийн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчиндаа спортын өндөр амжилт хүсэж, түүхэн амжилтын эзэн болохыг ерөөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ