ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ МОНГОЛД АЯЛЖ БАЙНА
Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улсад 2026 онд хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулагдах “Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий цомыг Монгол Улсад аялуулах ёслолын арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Эрэгтэйчүүдийн T20 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монголын Крикетийн холбооноос 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд хүлээн авч, олон нийтэд танилцуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хороо, Олон Улсын Крикетийн холбоо, Монголын Крикетийн холбооны төлөөлөл, тамирчин дасгалжуулагч, сонирхогч, хөгжөөн дэмжигч нар оролцлоо.
Крикетийн ДАШТ-ий цомыг эрх авсан цөөн оронд аялуулдаг уламжлалтай бөгөөд Монголын Крикетийн холбооноос энэхүү эрхийг авч, Катар, Оман, Непал, Бахрейн улсуудын дараа аялуулж буй Азийн цөөн орны нэг болжээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг нэгдүгээр сарын 15-ны өдрийн 18-20 цагийн хооронд Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршуулна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбай, Чингисийн Морьт хөшөө, Гандан Тэгчилэн хийд, Чингис хааны хүрээ цогцолборт цомыг аялуулах ёслол үргэлжилнэ.
Энэ удаагийн Крикетийн ДАШТ-д шилдэг 20 орны баг шалгарч оролцохоор эрхээ авсан ба 2028 онд зохион байгуулагдах Лос Анжелесын Олимпын хөтөлбөрт крикетийн спортын төрөл багтсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ