Халзан бүрэгтэйн сонсголын тайлан батлах хурлын үеэр хэн юу хэлэв
Өнгөрсөн оны 9-р сард болсон Халзан бүрэгтэйн Ерөнхий хяналтын сонсгол болсон. Харин уг сонсголоос гарсан дүгнэлт, тайланг батлах хурал оны өмнө 11-р сарын 20-ны өдөр болж өнгөрсөн. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан уг хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцэн баталсан байдаг.
Эргэн сануулахад: Ерөнхий хяналтын сонсголоос Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК (MNREC)-ийн үйл ажиллагаатай холбоотой дараах дүгнэлтүүд гарсан. Үүнд:
• Халзан бүрэгтэй орд бол ураны орд биш.
• Компанийн эзэмшиж байгаа лиценз олголтод зөрчил байхгүй.
• Компани хайгуулын ажлаа зайлшгүй үргэлжлүүлж, ордын нөөцийг бүрэн тогтоох шаардлагатай.
• Компанийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй.
• Өнгөрсөн хугацаанд ордыг ашиглаагүй, хөрс хөндөөгүй, зөвхөн хайгуулын ажил хийсэн гэсэн гол дүгнэлтүүд гарч батлагдсан байна.
Харин, сонсголын тайланг батлах хурлаар дараах чухал дүгнэлтүүд гарч баталгаажсан.
• Халзан бүрэгтэй ордод агуулагддаг 4 тогтмол соронзонгийн түүхий эд нь өөрөөсөө цацраг идэвхгүй.
• Энэ төсөл нь эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал төсөл мөн.
• Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009% байгаа нь Монгол дахь бусад ордуудаас бага үзүүлэлт.
• Мянгад суманд төрсөн гажигтай төлүүдэд хийсэн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй.
Мөн тайланг батлах хурлын үеэрх хуралд оролцогчид олон өнцгөөр байр сууриа илэрхийлсэн.
Хэн хэн юу хэлснийг дурдвал:
• УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бидэнд дэлхийн газрын ховор элементийн талбарт өрсөлдөх боломж нь байгаа ч ганц байгаа төсөл нь гацчихаад байна. Төр хувийн хэвшилд уул уурхайн зөвшөөрөл өгсөн л бол дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ тогтолцоо байхгүй учраас хүндрэлтэй байна. Төр өөрөө орон нутгийн иргэдэд уул уурхайн төслийн ач холбогдол, өгөөжийг тайлбарлах хэрэгтэй. Энэ нь хангалтгүй байгаа тул эсэргүүцэл үүсээд байна. Газрын ховор элемент гэдэг бол өнөөдрийн алтан боломж. Төсөв бүрдүүлэх чухал эх үүсвэр гэж үзэх ёстой. Нүүрс ч байгаль орчинд хор хөнөөлтэй. ГХЭ-ийн төслийн бүх үзүүлэлтийг нарийн хэмжиж, төслийг дэмжиж үр өгөөжийг нь яаралтай хүртэх хэрэгтэй.
• УИХ-ын гишүүн Б.Уянга: Халзан бүрэгтэйн сонсголын дүгнэлт баталгаажиж хайгуул үргэлжлэх болсонд баяртай байна. Халзан бүрэгтэй ордоос ГХЭ олборлох гэж байхад уран олборлох гэж байна гэж маш их ташаа мэдээлэл явсан. Сонсголын дүгнэлтээр энэ ордыг ураны орд биш ГХЭ-ийн орд гэдгийг баталж ойлгуулж байгаа нь тун сайшаалтай. ГХЭ-ийн төслийн хайгуулын үе шат 10-15 жил үргэлжилсний дараа олборлолтод шилждэг. Энэ төсөл уг шижгээр судалгааны ажлын түвшинд л явж байгаа. Тиймээс төрийн зүгээс орон нутгийн иргэдийг уул уурхайн төслийн мэдээллээр хангах тал дээр анхаарах хэрэгтэй.
• УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Халзан бүрэгтэй ордын асуудал бол ганц энэ ордын асуудал биш бусад ордуудад ч гарах асуудал. Гэтэл ГХЭ-ийн ордтой холбоотойгоор хөрөнгө оруулагчаа хөөж туусан, кэймпийг нураасан олон асуудал гарлаа. Үүний цаана нийтийг хамарсан муу боловсролын асуудал байна. Төр хувийн хэвшилд ашигт малтмалын зөвшөөрөл өгсөн гээд иргэнтэй шууд нүүр тулуулдаг байдлыг зогсоож, зохицуулалт хийх үүрэгтэй.
• УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Өнгөрсөн хугацаанд Халзан бүрэгтэй ордтой холбоотойгоор орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах ажлыг ганц төсөл хэрэгжүүлэгч л хийсэн байна. Орон нутгийн удирдлага оролцоогүй. Энэ бол буруу жишиг. Одоогоор Монголд илэрсэн ГХЭ-ийн ордуудаас судалгаа шинжилгээний ажил нь ахицтай яваа, ашиглалтад бэлтгэгдэж буй ганц төсөл нь Халзан бүрэгтэй. Энэ бол геополитикийн хувьд том хөзөр.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Гаднын зах зээлд уул уурхай ярьдаг 10 хүн тутмын 8 нь ГХЭ ярьж байхад бид хоцорч байгаа нь харамсалтай. Дэлхий нийт газрын ховор элементээр амьсгалж байхад Монгол алсарч байна. Бидэнд валют олж болох цөөхөн зүйл бий. Нүүрс, алт, ноолуур. ГХЭ бол бидний цөөхөн боломжийн нэг. Гэтэл өнөөдөр бид ГХЭ-ийн хайгуулын асуудлаа ч шийдэж чадахгүй байна. ГХЭ-ийн талаарх буруу ойлголт ихээр түгсэнд хамгийн их буруутай хүмүүс нь улс төрчид бид. Юу юугүй ямар ч судалгаагүй хортой гэж ярьдаг ч ОУ-ын судалгаануудад тийм зүйл алга. Энд хортой, аюултай гэж сурталчилж иргэдэд буруу ойлгуулж байгаа улс төрчдийн яриа л чөдөр тушаа болж байна. Тиймээс энэ асуудал дээр улс төржихгүйгээр ирээдүйгээ харж эдийн засгийн өгөөж талаасаа харж шийдмээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ