Аймгийн арслан Б.Бат-Оршихын Улсын харцага цолыг нөхөн олгоно

img

 

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Бат-Орших 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд зургаа даван шөвгөрч Монгол Улсын харцага цолны болзол биелүүлсэн юм.

Гэвч түүний допингийн шинжилгээний “А” сорьцын дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн гэжээ. Тухайн үед баяр наадам зохион байгуулах комиссын зүгээс дээрх шинжилгээний хариунд үндэслэж Б.Бат-Оршихын улсын харцага цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хасаж байв. Улмаар тухайн баяр наадмаар түүнд өвдөг шороодсон Ц.Сандагдоржид улсын начин, Б.Орхонбаярт улсын харцага цолыг нөхөж олгосон юм.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Б.Бат-Орших Олон Улсын болон Үндэсний спортын арбитрт гомдол гаргасныг хүлээн авч өнөөдөр хуралдаж шийдвэрлэжээ.

Олон Улсын болон Үндэсний спортын арбитрын зүгээс Б.Бат-Оршихын шинжилгээнд процессын алдаа гаргасан гэж дүгнэн тухайн шинжилгээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ шинжилгээг стандартын зөрчилтэй гэж дүгнэжээ.

Ингэснээр Б.Бат-Орших АХ-ын 99 жилийн ойн их баяр наадамд зургаа давсан амжилтаа үнэлүүлж, улсын харцага цолоо нөхөн авах эрхзүйн орчин бүрдлээ. Улсын харцага цолоо долоон жилийн дараа нөхөн авах боломжтой болж байгаа нь энэ юм.

Энэ удаа Б.Бат-Оршихын өмгөөлөгчөөр Ч.Даваасүрэн ажиллажээ. Тэрбээр өмнө нь Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нарыг өмгөөлж нэхэмжлэлээ хангаж байсан туршлагатай хуульч юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ