Монголын хөгжлийг барьцаалсан далд эдийн засаг
Сүүлийн жилүүдэд Монголд нэг сонин үзэгдэл хүчтэй дэлгэрэх болсон. Хэн нэгэн төсөл эсэргүүцэж жагсах бүрт том том ажлууд зогсож, хөрөнгө оруулалт хумигдаж, төслийн хувь заяа хэсэг бүлэг хүний гарт очдог боллоо. Ингэж эсэргүүцдэг хүмүүсийн зарим нь богино хугацаанд хөрөнгөжиж, орлого нь юунаас гарч юунд ордог нь ойлгомжгүй болчихсон. Энэ бол зүгээр нэг иргэний санаачилга биш, харин улс төрийн дарамт, лобби, шантаажийн эдийн засгийн хэлбэр болон хувирч байна. Дэлхий дээр ийм үзэгдлийг нэг л зарчмаар тайлбарладаг. Төсөл гацаах, зогсоох, эсэргүүцэх үйлдлийг мөнгөжүүлж болдог. Эцэст нь төслийн эзэн тал эсвэл эсрэг тал тохиролцоо хийдэг. Заримдаа гаднаас санхүүжилт орно. Заримдаа дотоодын бизнесийн бүлэглэл ашиг хайна. Гэхдээ энэ бүх мөнгөн урсгал улсын нүдэнд харагддаггүй. Татварт бүртгэгддэггүй. Тайлангүй. Хариуцлагагүй. Ил биш. Энэ нь бараг хар захын эдийн засагтай төстэй. Асуудлын гол нь төсөл зогсоход хэн ч хариуцлага хүлээдэггүй. Харин улсын хөгжлийн боломж, хөрөнгө оруулалт, ажлын байр, татварын орлого л үндсэн хохирогч нь болдог. Улсын хөгжлийг хууль биш бүлэг хүмүүсийн ашиг сонирхол тодорхойлдог болно. Энэ бол ардчиллын нэрээр явдаг хамгийн аюултай тоглоом. Миний олж мэдсэнээр АНУ-д элдэв эсэргүүцэл, хөдөлгөөн өрнүүлэх, байгаль орчин, хүний эрхийн нэрээр аливаа үйл ажиллагаа явуулахдаа санхүүжилтээ хаанаас гаргаж, хаанаас орж ирж байгаа зэргээ бүртүүлдэг эх үүсвэрээ ил тайлагнах системтэй. Ингэж байж жинхэнэ иргэний оролцоо ялгардаг гэж үздэг. Тэр хэрээр шантааж бизнесийн хэлбэр байх орон зай нь багасдаг. Харин Монголын асуудал бол лобби, санхүү, ашиг сонирхол, нөлөөллийн тогтолцоо бүгд далд оршиж байна. Далд оршвол авлига эрчимтэй хөрсжиж. Улсын хөгжил гацаанд ордог. Далд оршвол хэн хариуцлага хүлээхгүй. Жагсаж болно, эсэргүүцэж болно. Энэ бол эрх. Харин төслийг барьцаалах, улс орны хөгжлийг гацаах, ашиг сонирхлын бүлэглэлийн тоглолт хийх нь эрх биш, гэмт хэрэг. Энэ бол улс орны ирээдүйг худалдахтай яг адил. Эх орноосоо урвахтай бараг адил. Монголд яг одоо хамгийн хэрэгтэй зүйл ийм хүмүүсийн үйл ажиллагааг хянаж бүргэдэг системийг бий болгох, ил тод байдал, хариуцлага хүлээдэг хуулийн хэрэгжилт маш их хэрэгтэй байна. Эс бөгөөс хөгжил биш, шантаажийн эдийн засаг дээр тогтохоор маш том хууль бус гэмт хэрэгтнүүдийг арми, бүлэглэлүүдийг эс үйлдэхүйгээрээ бэлтгэж байна. Шалгаж хариуцлага тооцох цаг нь одоо болсон. Эх сурвалж: X post- хуульч Пүрэвдулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ