Шүгэл үлээгчийн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Нийтийн ашиг сонирхлын төлөө хууль бус, авлига, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах зорилготой “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэгдэж байна. Хуулийн төслийг боловсруулах хүрээнд төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, санал дүгнэлтийг тусган сайжруулж байгаа талаар хууль санаачлагчид мэдээллээ. Нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээлэл өгсөн шүгэл үлээгчийг эрүү, захиргааны хариуцлагаас хамгаалах, мэдээлэгчийн нууцлал, аюулгүй байдал, ажлын байрны баталгааг хангах, илчилсэн мэдээллээр бодит хохирол, ашиг илэрсэн тохиолдолд урамшуулал олгох зэрэг зохицуулалтыг энэ хуульд тусгана. Хэрэв энэ хууль батлагдвал Монгол Улсад авлига, ашиг сонирхлын зөрчлийг илчлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах эрх зүйн чухал суурь болно гэж судлаачид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ