Гадаадын банк зээлийн хүүг бууруулахгүй
Гадаадын банк Монголд оруулах асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн сэдвүүдийн нэг. Ялангуяа зээлийн хүү өндөр, иргэдийн өрийн дарамт нэмэгдсэн энэ үед “гадаадын банк орж ирвэл зээлийн хүү буурна” гэх хүлээлт дахин идэвхжээд буй.
Гэвч эдийн засагчид энэ ойлголтыг бодит байдалтай нийцэхгүй, хэтэрхий гэнэн хүлээлт гэж үзэж байна.
Эдийн засагч Р.Даваадорж “Монголд зээлийн хүү өндөр, зээлгүй Монгол хүн бараг байхгүй. Гэхдээ үүнийг гадны банк орж ирээд шийдчихнэ, зээлийн хүү автоматаар буурна гэж ойлгож огт болохгүй” хэмээн онцоллоо.
Монголыг сонирхож орж ирэх банк байна уу?
Түүний хэлснээр, асуудал нь дотоодын банкуудын өрсөлдөөнд бус, харин Монгол Улс өөрөө банкны хувьд ашигтай, сонирхол татах зах зээл биш байгаад оршиж байна.
Банк бол ашгийн төлөө байгууллага. Авлигын түвшин өндөр, санхүүгийн сахилга бат сул, мөнгө хүүлэлт хавтгайрсан, зээлийн эргэн төлөлт сул орчинд гадаадын банк бага хүүтэй зээл олгохоор орж ирнэ гэж байхгүй аж.
“Манай улсыг тоож орж ирэх нь ч эргэлзээтэй. Орж ирсэн ч бага хүүтэй зээл олгоно гэж бүр ч байхгүй. Өөрийн улсын татвар төлөгчдийн мөнгийг авчирч, санхүүгийн сахилга батгүй улсад хямд хүүтэй тараах банк гэж үгүй” хэмээн Р.Даваадорж байр сууриа илэрхийлэв.
Олон нийтийн дунд гадаадын банк орж ирвэл шууд иргэдэд, ялангуяа хэрэглээний зээл олгож эхэлнэ гэсэн ойлголт түгээмэл. Гэвч бодит байдал дээр гадаадын банк орж ирлээ гэхэд иргэдийн хэрэглээний зээлд огт орохгүй байх магадлал өндөр. Учир нь гадаадын банкуудын үндсэн сонирхол нь томоохон төсөл, олон улсын компани, экспорт, импортын санхүүжилт, эрсдэл багатай, баталгаатай бизнесүүд байдаг. Орлогын нотолгоо сул, санхүүгийн тайлан ил тод бус, зээлийн түүх муутай иргэдэд хямд хүүтэй зээл олгох нь тэдний бизнес загварт огт нийцэхгүй.
Банкны харьяаллаас биш, орчноос хүү тогтдог гэдгийг ойлгох ёстой
Эдийн засагч Р.Даваадорж энэ сэдвээр нэг сонирхолтой зүйлийг ч онцолсон байна.
“ХААН банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг томоохон банкууд өөрсдөө гадаадын эзэмшилтэй. Энэ утгаараа ‘гадаадын банк’-наас ялгаагүй. Гэтэл гадаад руу харахаар л бага хүүтэй, гоё харагдаад байдаг. Манай улсад орж ирээд мөнгөө тараах эргүү, эсвэл галзуу хүн л байж магадгүй” хэмээн тэрбээр хатуу байр суурь илэрхийлэв.
Өөрөөр хэлбэл, “гадаадын банк” гэдэг шошго өөрөө зээлийн хүүг бууруулах шидэт түлхүүр биш юм.
Асуудал хаана байна вэ?
Зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг гадаадын банк оруулж ирээгүйтэй холбох нь бодит байдлаас зугтсан тайлбар аж. Гол асуудал бол эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшийн савлагаа, санхүүгийн сахилга бат, татвар, орлогын ил тод бус байдал, шүүх, гэрээний хэрэгжилт сул байгаад оршиж байна. Эдгээр суурь асуудал өөрчлөгдөхгүй бол гадаадын ч бай, дотоодын ч бай аль ч банк Монголд хямд зээл олгох боломжгүй.
“Гадаадын банк орж ирвэл зээлийн хүү буурна” гэдэг нь эдийн засгийн бодит тооцооллоос илүүтэй хэн нэгэн гаднаас ирээд манай асуудлыг шийдчихнэ гэж харах нь гэнэн найдвар. Монгол Улс өөрөө санхүүгийн сахилга баттай, тогтвортой, итгэл даахуйц зах зээл болж байж л хэн нэгний сонирхлыг татна.Түүнээс биш гаднаас банк оруулж ирээд асуудал шийдэгдэнэ гэж найдах нь бодит шийдэл бус.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ