Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Япон улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга ноён Морри, ажилтан н.Хүрэлхүү нар “Тэрбум мод” НҮТББ-д зочлон, Япон Улсаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилтаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Япон Улс сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсад 50,000 гаруй мод тарьж, 20,000 орчим залууст байгаль орчны боловсрол, мэдлэг олгох ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал:
Орхон аймагт 2023 оноос эхлэн 10 га талбайд 23,500 мод,
Өмнөговь аймагт 2024 оноос 10 га талбайд 7,400 мод,
Говь-Алтай аймагт 2025 оноос 10 га талбайд 19,100 мод тарих төслүүдийг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн Япон залуучуудын “Мод тарих найрамдлын хөтөлбөр”-ийн багууд Монгол Улсад хүрэлцэн ирж, ойжуулалтын ажилд идэвхтэй оролцжээ. Байгаль орчны чиглэлээр суралцдаг Япон, Монголын оюутнуудын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 удаагийн хөтөлбөрт нийт 90 гаруй оюутан хамрагдсан байна.
Уулзалтын үеэр талууд цаашид Японы ойжуулалт, мод үржүүлгийн дэвшилтэт техник, технологи, инновацыг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ