МАН-ын дотоод ''дайн''

img

 

Ерөнхийлөгчийн сунгаа ойртох тусам МАН дотроо задрах уу, эсвэл Хүрэлсүхийн “барьцаа улс төр” ахих уу?

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа Монголын улс төрийг дахин нэг удаа донсолгох нь тодорхой болов. Харин энэ удаагийн онцлог нь өрсөлдөгч намуудын тэмцэл гэхээсээ илүүтэй эрх баригч МАН дотроо нэг мөр хагарах уу, эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотоод өрсөлдөгчдөө барьцаанд байлгаж, улс төрийн нөлөөгөө ахиулах уу гэдэг асуулт илүү сонирхол татаж буй.

АН-ын хувьд дотоод зөрчил нь ил цагаан, нууцлах юмгүй. Хэн хэнийгээ ил тод “татаж унагаадаг” учраас гэнэтийн зүйл бага. Харин 100 жилийн түүхтэй МАН доторх зөрчил хөшигний ард илүү хортой, илүү гүн явагдаж байгаа нь анхаарал татаад байна. Өрсөлдөгчөө “захиалж” чадна гэж бодож явах зууртаа өөрсдөө булш руугаа ойртож мэдэх эмзэг мөч дээр МАН ирчихсэн ч байж магадгүй. Он гарснаас хойш Ерөнхийлөгчийн сунгааны “усалгаа” аль хэдийн эхэлсэн. Өнөө цагийн “өвгөн” улстөрчид нам доторх өрсөлдөгчдөө шахаж, зайлуулах гэсэн цэвэрлэгээг ил, далдаар хийж байгаа ч хүссэндээ хүрэхгүй л байна. Үүний тод жишээ нь нийслэлийн МАН-ын хорооны төлөөх зодоон. Хотын мээр рүү сошиалаар дайраад нэмэр болсонгүй, хэсэг намжсан. Харин энэ нь бууж өгсөндөө биш, дараагийн тактикаа боловсруулж буй чимээгүй байдал гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ.

Я.Содбаатар, Г.Занданшатар нарын “хоршил” урт насалсангүй. Харин Х.Нямбаатарт мөчөөгөө өгөх шинж огт харагдахгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн ажилтай танилцах нэрийдлээр Х.Нямбаатар руу UB-CAB-ынхныг “ноцуулж”, эцэст нь мээр тэднийг нь хөлдөө суулгаад уучлалт гуйлгаж харагдсан нь санаандгүй үйл явдал биш. Энэ бол нийслэлийн МАН-ын хорооны төлөөх далд тулаан аль хэдийн задгай шатанд орсны илрэл. Х.Нямбаатарыг “хэрүүлч авгай” гэж хочлох нь ч аргагүй. Сошиалаар дайраад нэмэргүй, харин ч сөрсөн базаа хийж, өөрийн улстөрийн жинг нэмэх чадвартай тоглогч. Ийм хүнийг хөшигний ард л “батирч” унагана уу гэхээс ил унагах боломж тун бага.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших зам нийслэлийн МАН-ын хороог хэн атгаж байгаагаас шууд хамаарна. Энэ утгаараа Я.Содбаатар нийслэлийг авалгүйгээр Ерөнхийлөгчийн сунгаанд ах нар ''нар үзэх'' боломж тун бага. Г.Занданшатар, Я.Содбаатар нарын улс төрийн бяр одоо үнэндээ жулдаж эхэлсэн нь нууц биш. Тэд хөлөө жийж суугаад, “Ахаа намайг бодоорой” гэж Ерөнхийлөгчийн эргэн тойронд хэлээ хазаад гүйж яваа гэх яриа ч хий хоосон биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН доторх энэ зөрчлийг эвлэрүүлэхээс илүүтэй барьцаа болгон ашиглаж, өөрийн дараагийн нүүдлийг баталгаажуулах сонирхолтой. Хэн хэн нь хоорондоо эвлэрэхгүй, хэн нь ч дангаараа хүчирхэгжихгүй байх тусам Ерөнхийлөгчийн нөлөө нэмэгдэх нь ойлгомжтой.

Тэгвэл Ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвших магадлалтай вэ?

МАН-аас:

У.Хүрэлсүх – нөлөөгөө хадгалж чадвал дахин тоглоомын төвд үлдэнэ

Г.Занданшатар – институцийн туршлага бий ч улс төрийн бяр сул

Х.Нямбаатар – нийслэлийг бүрэн атгаж чадвал гэнэтийн “хүчтэй карт”

Я.Содбаатар – намын зохион байгуулалтаар тоглох ч шахагдаж яваа.

АН-аас:

Х.Баттулгын нөлөө арилаагүй хэвээр

Шинэ нүүр гарч ирэх магадлал өндөр ч дотоод хагарал нь хамгийн том эрсдэл

Эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа бол МАН-д ялалтын өмнөх бэлтгэл биш, харин эргэж нийлэхээргүй задралынх нь эцсийн шалгалт болж мэдэхээр байна. Хэрвээ энэ сунгааг зохицуулж чадалгүй, дотоод хагарлаа хяналтаас алдвал 100 жилийн түүхтэй нам өөрөө өөрийгөө булшлах эрсдэл бодитоор ойртсоор байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ