Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлт өнөөдөр болно
Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлт түүхэнд байгаагүй онцлог байх шинжтэй. Орон нутгийн цагаар өнөөдөр /2026.02.06/ буюу Баасан гаригт олимпын нээлт Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэх болон Кортина д’Ампеццо хотод болно. Түүнчлэн Италийн хойд бүсийн хотууд болох Ливиньо, Предаццод баг тамирчид нээлтэд жагсана.
Мэдээж Итали улс урлаг, соёл, түүх, уламжлал, өнгө, гэрлээрээ өвлийн олимпыг чимнэ. Нээлтийн ёслолын талаарх ч мэдээллүүд ч эхнээсээ ил болж байна.
Грэммигийн таван удаагийн шагналт Мэрайя Кэри болон Италийн алдарт дуучин Андреа Бочелли, "Алтан бөмбөрцөг"-ийн шагналт Лаура Паусини, алдарт жүжигчин Пьерфранческо Фавино, "The White Lotus" кино цувралын од Сабрина Импаччаторе нар нээлтэд оролцох нь тодорхой болсон.
Нээлтийн ёслолыг гардан гүйцэтгэж буй Марко Баличигийн хэлснээр Кэри итали хэл дээр дуулах гэнэ.
Марко Балич энэ удаагийн олимпын нээлтийг "Эв найрамдал" гэх ерөнхий утга санаан дор зохион байгуулна. Тэрбээр ярихдаа"Нээлтийн ёслол бол зүгээр технологийн шоу эсвэл үзүүлбэр биш. Үүнээс илүүтэйгээр энэ бол хүмүүсийн болон сэтгэл хөдлөлийн түүх байх болно. Өнөөгийн ертөнцөд бид эв нэгдэл, гоо сайхан, энх тайвныг харуулмаар байна" гэжээ.
Нээлтийн гол цэг бол Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэх. Хөлбөмбөгийн ертөнцөд энэ газар ариун дагшин сүм гэж тооцогдоно. Гэхдээ хоёрдугаар сарын 6-ны өдөр Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлтийг хүлээн авна гэдгээрээ дуурсагдах учиртай.
Олимпын түүхэнд анх удаагаа хоёр өөр газар олимпын тулганд галыг асаана. Нэг нь Миланд байх бол нөгөө нь Кортинад.
Энэ талаар Балич "Өвлийн олимпын түүхэнд анх удаагаа ийм зүйл тохионо. Энэ бүхэн маш олон боломж хийгээд маш олон сорилтыг авчирч байна. Тамирчдад нээлтийн ёслолд оролцох боломжийг бид олгохыг хүсч байна. Нэгэн зэрэг олон газар шоуг хийснээр хүн бүхэн оролцох боломжтой. Мэдээж төв нь Сан Сиро байна. Гэхдээ том зургаараа нэгэн зэрэг олон газар тамирчид, үзэгчид нээлтийн оргил мөчийн нэг хэсэг байх болно" гэв.
Милан, Кортина, Ливиньо, Предаццо зэрэг хотуудад олимпын нээлтэд 1200 гаруй сайн дурын ажилчид оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ