AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ?
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. Харин өнөөдөр бид асуултаа бичээд л хариуг нь хэдхэн секундэд авчихдаг болж. Энэ бүх өөрчлөлтийн цаана хиймэл оюун ухаан асар хурдтай орж иржээ. AI гарч ирснээр хүмүүс “би юу гэж бодож байна вэ?” гэхээсээ илүү AI үүнийг юу гэж тайлбарлах бол? гэж асуух нь олширчээ.Энэ нь нэг талаараа мэдлэгт хурдан хүрэх боломж мэт боловч нөгөө талаараа өөрийнхөөрөө бодох боломжгүй болгож байна. Хариу бэлэн байхад бид эргэлзэж үзэх, өөрсдөө хайж шалгах, алдаа гарган байж ойлгох тэр үйл явц үгүй болж байна. Хүмүүс AI-аас ирсэн хариуг ихэнхдээ худал биш, бараг л үнэн мэтээр хүлээж авдаг болжээ. Өөрөөр хэлбэл АI юу гэж хэлсэн байна, тэгэхээр л тийм байх ёстой юм шиг ханддаг хүмүүс олон бий.
Гэтэл AI бол хүний бүтээсэн, өгөгдлөөр сурсан, алдаа гаргах боломжтой систем. Гэсэн ч бид AI-ийн хэлснийг өөрийн бодлоос дээгүүр тавьж эхэлж буй нь хамгийн ноцтой асуудал юм. Зарим хүмүүс AI-тай сэтгэлээ хуваалцаж, зөвлөгөө авч, бүр дотно харилцаа үүсгэж эхэлсэн гэх нь бий. AI-тай ярьснаар ганцаардахаа багассан юм шиг санагдаж болно. Гэхдээ үүнд хэт дасвал бодит хүнтэй ярилцах нь төвөгтэй санагдаж эхлэх нь ойлгожтой. Улмаар хүнтэй ойлголцох тэвчээр ч аажмаар багасаж мэднэ. Тэр ч бүү хэл юу өмсөх, хаана ажиллах, яаж амьдрах талаар хүртэл AI-аас асуудаг болжээ. AI бол хэрэгсэл. AI-ийг зүгээр л мэдээлэл хайхад ашиглах уу, эсвэл өөрсдийнхөө оронд бодоод эхлэхэд нь зөвшөөрөх үү гэсэн сонголтыг бид өөрсдөө л хийж байна. Хэрвээ бид AI-ийг асуулт тавихад туслагч, олон өнцөг харахад дэмжигч болгож чадвал AI биднийг илүү ухаалаг болгож болох юм. Харин бодохоос залхуурах шалтаг болгож ашиглавал бид өөрсдийн хамгийн чухал чадвар болох бие даан сэтгэх чадвараа алдах эрсдэлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ