
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн зүгээс одоо уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа эсэх талаар саналаа хэлсэн юм.
Б.Бат-Эрдэнэ: Нэг хүнд зориулсан албан тушаал гаргаж ирдэг энэ завхарлын асуудлаа яаж шийдэх юм бэ. УИХ-ын байнгын хороодын дэргэд дэд хороонууд байгуулах шаардлагатай байгаа. Эдгээрийг хэзээ эхлэх юм бэ.
Д.Дэмбэрэл: Байнгын хорооны дэргэд дэд хороо байгуулах ажил байгаа. Гэхдээ эхлээд Засгийн газрын энэ бүтэц бүрэлдэхүүний асуудлаа явуулаад дараа нь байнгын хорооны асуудлаа яръя. Үүнийг бүрдүүлсний дараа УИХ-ын байнгын хороодын дарга нарыг цаг хугацааны хувьд сунгах уу яах вэ гэдгийг ярина. Үүнтэй барьцалдуулаад байх зүйлгүй.
Б.Бат-Эрдэнэ: Нэг улс төрийн хүчинд зориулсан завхарлыг хэзээ алга болгох юм бэ гэдгийг асууж байна.
Д.Дэмбэрэл: Нэг хүнд зориулаад албан тушаал батлаад байсан зүйл байхгүй. Их хүчтэй, том зорилт тавьж, хамтын хүчээр ажиллуулна гэж УИХ-аар шийдвэр гаргуулсан. Тэр ажлуудаа хийгээгүй болж таарч, албан тушаалууд маань зүгээр нэг батлаж өгсөн албан тушаал юм шиг байна. Тал талаасаа хүч тавьж ажиллана гэж бодсон. Яам, тамгын газрыг нь ч байгуулж өгсөн. Одоо ажлын үр дүнгээ эргэж харъя. Анхны зорилтоос хазайсан, үр дүү муу байгаад энэ үнэхээр нэг хүнд зориулсан албан тушаал байсан гэж үзэж байгаа бол одоогийн энэ тогтоолоор харах болсон. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд харж байдагийн хувьд үүн дээр дүгнэлт хийж болно байх.
Э
.Бат-Үүл: Ардчилсан намын саналыг хүлээж авсанд талархаж байна. Тэргүүн Шадар сайдын мэдлийн хэмжээнд байсан бүртгэлийн асуудлыг Хууль зүй, дотоодын хэргийн яаманд буцаагаад шилжүүлсэн. Энэ бүртгэлийн асуудал сонгууль дөхөж байгаа үед их чухал зүйл. Миний өчигдөр гаргах гэж байсан зарчмын зөрүүтэй асуудал бол энэ бүртгэлийг Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлье. Мөн энэ удаагийн өөрчлөлтөөр Шадар сайдад маш их үүрэг, эрх мэдэл ногдож байна. Шадар сайдад бас бүх чухал асуудал төвлөрлөө. Энэ асуудлыг намынхаа ялалтын бай болгож битгий хараарай гэж бодож байна.
Д.Ганхуяг: Хамтарсан Засгийн газрын үед төрийн албаны тоо асар ихээр нэмэгдлээ. 2012 онд төсөв батлах үед 220 мянга гарсан байна. Тиймээс энэ Засгийн газар энд дүн шинжилгээ, судалгаа хийх шаардлагатай. Жилд ингэж 10-20 мянгаар нэмэгдүүлж болохгүй. Төсвийн урсгал зардлыг багасах асуудал шаардлагатай байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Гадаад хэргийн яам, Сангийн яам хүн хүч цөөтэй ажилладаг юм билээ. Гэтэл зарим яамд үнэхээр хэрэгцээгүй ажилтнууд олонтой юм билээ. Үйлдвэржилтийн бодлогын хувьд яам яам дээрээ явмаар зүйл. Олон дамжлагатай энэ байдлыг цөөлөхгүй бол дарга нар нь олон болоод явахгүй байна. Хилийн боомтын асуудал ч үүнтэй ялгаагүй байгаа. Эдгээр асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд анхаармаар байна. Мөн 2008 оны сонгуулийн өмнөх өдөр, сонгуулийн өдөр, Дархан, Эрдэнэтэд үнэмлэх тараасан. Энэ нь сонгуульд нөлөөлсөн гэдгийг бүх шатны шүүхээр тогтоосон. Өнгөрч байгаа сонгуулиар нэг намын сонгуульд ялах, ялахгүйтэй холбоотой асуудал биш. Бүртгэлийн асуудалд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай шүү.
Л.Гантөмөр: Манай Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гишүүн нар их олон жил төрийн алба данхайсан талаар ярьсан. Тэгээд энэ Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед хоёр нам хамтарч шийдвэр гаргаж байх, зөвлөлдөх үүднээс Тэргүүн шадар сайдын албан тушаалыг гаргасан. Ардчилсан намын зүгээс төрийн албыг 100 мянга болгох төсөл боловсруулаад ороод ирье. Чаддаг юм бол МАН-ын бүлэг дэмжих л дээ. Чадахгүй шүү дээ. Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарч байгаа энэ үед улс төрийн өнгө аястай ийм мэдэгдлүүд хийж байгаа нь зохисгүй гэж үзэж байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ