Б.Амарсайханы “шүүхийн эрх чөлөө”

img

 

Сүүлийн үед Монголын нийгэмд олон нийтийн анхаарлыг татсан хэрэг явдлууд гарсаар байна. Тэдгээрийн нэг нь Таванбогдын Баатарсайханы төлөвшиж, нийгэмшиж чадаагүй хөгшин хүү Амарсайхан. Тэрээр дахин зодооны хэрэгт нэр холбогдож, хохирогчийн аав гэх хүн өөрийн фэйсбүүкдээ энэ тухай ил болгосноор дарагдаж мэдэхээр гэмт хэрэг олон нийтийн анхааралд ороод буй. Гэсэн ч Б.Амарсайханд зодуулсаны дараах хүүгийнхээ зургийг устгаж, хэвлэл мэдээллийнхэнээс тусламж хүссэн аав нь гэнэтхэн бичсэн постоо устгасан нь магадгүй хэрэгтнүүдийн асар их дарамтад орсоныг ч үгүйсгэхгүй. Бид хардах эрхтэй. Нөгөө талаас Б.Амарсайханы өмгөөлөгч хохирогч гэх залууг зодоогүй бөгөөд зодсоныг нь нотол, үгүй бол нэр төрөө сэргээлгэнэ гэж байгаа бололтой.

Б.Амарсайханд оногдуулсан зорчих эрхээ хязгаарлуулсан ялыг шүүхээс албажуулаагүй байна.

Б.Амарсайхан өмнө нь шүүхээс ял авч, зорчих эрхээ нэг жилийн хугацаагаар хязгаарлуулсан ч тэрбээр энэ шийдвэрийг үл хүндэтгэж, үргэлжлүүлэн бусдын эрх, бие махбодод халдаж байна.

Энэ үйлдэл нь зөвхөн Б.Амарсайхан гэх этгээдийн ёс суртахууны доройтол биш, мөн манай шүүх эрх мэдлийн хэрэгжилт, нийгмийн шударга ёсны хэрэгжилтэд эргэлзээ төрүүлэх том жишээ болж буй. Шүүхийн шийдвэр гарсан ч тэр нь “албажаагүй” гэх шалтгаанаар хэрэгжихгүй байх нь, эрх мэдлийн хэрэгжилт, иргэний хариуцлагын хооронд хэрхэн ангал үүссэнийг тод харуулж байна. Шударга ёс нь зөвхөн хууль дүрэмд бус, хэрэгжилтэдээ ч үнэн байх ёстой. Хэрэв зорчих эрхийг нь шууд, албажуулж хязгаарласан бол өнөөдөр дахин хүн гэмтээх эрсдэл гаргахгүй байх боломж байсан. Харин одоо бидний дунд сул чөлөөтэй, хор хөнөөл учруулж буй залуугийн энэ үйлдэл эргээд шүүх хуулийн байгууллагыг нулимж буй гэдгийг мөнгөтэй айлын хүүхдүүдийн үйлдсэн ноцтой хэрэгт хөнгөн ял оноож, толгойг нь илсэн шүүгч нар харах хэрэгтэй.

Б.Амарсайхан шиг мөнгөндөө бялуурсан давуу талаа ашигласан залуусын давтагдсан хүчирхийлэл нь нийгмийн аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Нийгэм шударга ёсыг ус, агаар мэт шаардаж буй. Маргааш хэний ч хүүхэд мөнгөтэй айлын авиргүй хүүхдүүдийн гарын шүүс болж мэдэхээр байна. Тэд бусдын эрх чөлөөнд араатнаас дор халдчихаад өөрийнхөө эрх чөлөө, орон зайны тухай ярьж чадах хэмжээний хүмүүс гэдгийг өөрсдийнх нь үг үйлдлээс бид харсан.

Эцэст нь, энэ бол зөвхөн нэг хүнд тохож үзэх асуудал биш. Энэ бол нийгмийн бүх давхаргын өмнө байгаа аймшигтай сэрэмжлүүлэг. Эрх мэдэл, мөнгөтэй давуу байдал, шүүхийн сул механизм, ёс суртахуунгүй залуусын холимог нийлээд хэн ч, хаана ч хор уршиг тарьж болзошгүйг сануулж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОДОО ЦАГТ ШҮҮХ, ЦАГДААД ИТГЭХ ИТГЭЛ БАЙХГҮЙ БОЛСОН. ИЙМ НӨХДҮҮДИЙГ ШҮҮГЧИДТЭЙ НЬ ХАМТ Л ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
2026-02-24