УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ''WOMEN'' бодлогыг хулгайлсан уу?
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нь Монгол Ардын Намын дэргэдэх СЦМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод буй. Тэрээр сонгогдохдоо эмэгтэйчүүдийн эрх ашгийг илүү тодорхой тусгасан “WOMEN” нэртэй бодлогын төлөвлөгөөг танилцуулсан нь анхаарал татаж байв.
Гэвч энэхүү бодлогын эх санаа, бүтэцтэй холбоотой маргаан яг одоо эрчимтэй өрнөж байна. Менежментийн зөвлөх О.Энхзул өөрийн цахим орчинд байршуулсан мэдэгдлээрээ, тухайн бодлогын зарим санаа нь түүний санаанаас гаралтай бөгөөд богино хугацаанд боловсруулсан ажлын үр дүнг Д.Үүрийнтуяа өөрийн нэрээр танилцуулсан хэмээн мэдээлжээ. О.Энхзулын хэлснээр, “Намын гишүүд болон сонгогчдын дийлэнх хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар хоёр долоо хоногийн өмнө томилогдсон хүн нь эхний өдрөөсөө л (оюуны) хулгайч, худалч гэдгээ харууллаа. Уулзах бүртээ ухаантай царайлж, уран гоё ярьж байсан ч миний санаануудыг сайн ашигласан” гэжээ. Мөн тэрээр “Түүний дэвшүүлсэн WOMEN бодлогын цөмийг би богино хугацаанд боловсруулж өгсөн бөгөөд холбогдох зургууд болон хамт уулзсан хүмүүс гэрчилнэ. Гэтэл хөтөлбөрт миний санаанаас гараагүй, эрээвэр хураавар зарим ажлуудыг нэмээд оруулсан байсан” хэмээн тодотгосон байна. Энэхүү маргаан нь Монголын улс төр, тусгайлан эмэгтэйчүүдийн эрх, оролцоог дэмжих байгууллагуудын дотоод ажиллагаанд итгэлцэл, зохион байгуулалтын ач холбогдлыг дахин хэлэлцүүлж буй юм. Мөн бодлого боловсруулалт, санаа болон эрх мэдлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг олон нийтэд ил болгож байна. Уг асуудал цаашид СЦМЭХ-ны бодлого боловсруулах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх нь сонирхол татсан сэдэв болж байна. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачлагыг хамгаалах механизмыг сайжруулах шаардлага энэхүү маргаанаар улам тодорчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ