НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСНААР ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭЖ, ЧИРЭГДЛИЙГ БАГАСГАНА

img

 

Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Нотариатын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох”-оор тусгасан.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр (2026.03.05) тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд зайн гэрчлэлтээр хийх үйлдлийн төрөл, тавигдах шаардлага, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаж өгснөөс гадна үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо (нүүр царай болон биеийн давхцахгүй өгөгдөл) төрд байгаа мэдээллийг, тоон гарын үсгийг ашиглах, зайн гэрчлэлт хийхээс татгалзах үндэслэл зэргийг нарийвчлан тусгаад байна.

Өөрөөр хэлбэл, нотариатын үйлчилгээ авахын тулд тухайн иргэн заавал биеэр очиж, хүлээхгүй, төрд байгаа мэдээллийг ашиглан зайнаас буюу цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр нотариатч болоод иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна иргэний хуулийн дагуу хэлцлийг цахим хэлбэрээр хийх бодит боломж бүрдэнэ.

Мөн хэлэлцүүлгийн хүрээнд нотариатын үйлчилгээний хөлс зардлын хэмжээг уян хатан тогтоох (хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх) зохицуулалт бий болгох, нотариатын мэдэгдэх хуудасны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах, хууль тогтоомжийн тодорхой, ойлгомжтой, холбогдох харилцааг бүрэн зохицуулсан байх, нэг мөр хэрэгжих зарчмыг хангах үүднээс одоо журмаар зохицуулж байгаа суурь шинжтэй харилцааг хуульд тусгах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ