“TOURISM WEEK – 2026” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг хэмээн тодорхойлж салбарын бодлого, хууль эрх зүй, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэд бүтэц, олон улсын сурталчилгааны чиглэлд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
Дээрх бодлогын үр дүнд 2025 онд Монгол Улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, экспортын орлого 728 сая ам.долларт хүрлээ.
Дотоодын жуулчдын зарцуулалт 2.6 их наяд төгрөгт хүрч, аялал жуулчлалын салбарын нийт эдийн засгийн хэмжээ 5.2 их наяд төгрөг буюу 1.46 тэрбум ам.долларт хүрсэн нь аялал жуулчлалын салбар манай улсын эдийн засгийн чухал тулгуур салбар болж байгааг харуулж байна.
Салбарын хүрээнд хийгдсэн чухал ажлуудаас дурьдвал:
Улсын аялал жуулчлалын бүс батлагдлаа.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа.
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна.
"Цайны замын авто аялал” нээлт болж Монгол, БНХАУ, ОХУ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Travel Platform хөгжүүлэлт эхлэхэд бэлэн боллоо.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын сургалтын төвийн барилгыг хүлээн авлаа.
Олон улсын шууд нислэгийн чиглэл нэмэгдлээ.
Хөвсгөл аймаг олон улсын нислэг хүлээн авч эхэллээ.
Монгол Улс түүхэндээ хамгийн олон жуулчин хүлээн авлаа.
Аялал жуулчлал нь зам тээвэр, агаарын тээвэр, хил гааль, зочид буудал, жуулчны бааз, аяллын компани, хөтөч тайлбарлагч, зоог үйлчилгээ зэрэг олон салбарын нягт хамтын ажиллагаанд тулгуурлан хөгждөг салбар юм.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын UN Tourism-ийн “World Tourism Barometer” тайлангаар аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдлээ.
Өнө эртний түүх, өв соёлын баялаг уламжлалтай Монгол орон нүүдэлчин соёл иргэншил, уудам тал нутаг, унаган байгаль, өвөрмөц соёлын өвөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгаа энэ онцгой давуу байдлыг бодит эдийн засгийн боломж болгон ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх боломж бидний өмнө нээгдэж байна.
Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн бодлого дараах үндсэн чиглэлүүдэд тулгуурлан хэрэгжиж байна. Үүнд:
1. Тогтвортой аялал жуулчлал,
2. Чанартай үйлчилгээ, мэргэжлийн хүний нөөц,
3. Дөрвөн улирлын аялал жуулчлал,
4. Зам дагуух үйлчилгээ,
5. Орон нутагт нислэг хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх,
6. Дижитал аялал жуулчлал,
7. Жуулчдыг дайлах Монгол зоогийг хөгжүүлэх,
8. Монголын аялал жуулчлалын нэгдсэн брэндийг бий болгох.
Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй тогтвортой аялал жуулчлалын төслийг Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлж байна. Мөн БНСУ-ын Засгийн газар, KOICA, Япон улсын JICA байгууллагатай хамтран салбарын хүний нөөцийг чадавхжуулах төсөл, тогтвортой аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
The Nature Conservancy, ILO, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын дэд бүтэц, хүний нөөц, дижитал хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.
2026 онд манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17), Азийн аялал жуулчлалын форум (ATF) зэрэг олон улсын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарын хамт олон, Монгол Улсын Засгийн газар, бусад оролцогч талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд олон төлөвлөгөөт ажлууд бодит биеллээ олж байгаад баяртай байна.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого, чиг хандлага, хөрөнгө оруулалт, инновац, хамтын ажиллагааг нэгтгэсэн TOURISM WEEK-2026 арга хэмжээнд оролцогчдод талархал илэрхийлж, амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ