Л. Оюун-Эрдэнийн үг Ерөнхийлөгч рүү чиглэв
МАН доторх хүйтэн дайн
Улс төрд мөнхийн дайсан бөс мөнхийн найз гэж байхгүй...
Монголын улс төр ёстой хачин уур амьсгалтай болчихлоо. Ил гарч хэлээгүй ч далд зөрчил, дохио зангаа, үгний цаадах санаа улам тодорч эхэллээ. Үүний хамгийн тод жишээ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” ярилцлагад орсон явдал байв. Нэвтрүүлгийг анхааралтай сонссон хүнд нэг зүйл шууд анзаарагдана. Экс Ерөнхий сайд ярилцлагын турш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэж байгаа мэт мэдрэмж төрүүлж байлаа. Төрийн институцийн нөлөө, улс төрийн шийдвэрийн төвлөрөл, зарим хууль санаачилгын талаар ярьсан хэсгүүдийг нийлүүлээд харахаар энэ нь зүгээр нэг ерөнхий улс төрийн байр суурь гэхээс илүү тодорхой нэг хүнд хаягласан улс төрийн дохио мэт байв. Тэр хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх...
Ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эргүүлэн татах тухай хуулийн санаачилга улс төрийн хүрээнд маргаан дагуулж эхэлсэн. Гадна талаасаа бол энэ нь парламентын ёс зүйг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх тухай харагдаж буй. Хэрэв ийм механизм бодитоор хэрэгжвэл УИХ-ын гишүүдийн улс төрийн бие даасан байдалд нөлөөлөх эрсдэл бий. Тухайлбал, эрх мэдлийн төвлөрөл нэмэгдэх, парламентын гишүүд улс төрийн дарамтад орох нөхцөл үүсэж болно гэсэн болгоомжлол улс төрийн хүрээнд гарч байгаа. Иймээс зарим улстөрч энэ санаачилгыг зүгээр нэг ёс зүйн асуудал биш, харин парламентын эрх мэдэлд нөлөөлөх бодлогын алхам байж мэднэ гэж хардаж байна.
Одоо хамгийн сонирхолтой нь УИХ ямар хариу барих вэ гэдэг асуудал. Хэрэв парламент энэ хуулийн төслийг бараг ямар ч маргаангүйгээр дэмжчихвэл улс төрийн нөлөөнд орчихжээ гэдэг нь тодорхой харагдана. Харин эсрэгээрээ гишүүд бодит хэлэлцүүлэг өрнүүлж, зарчмын байр суурь илэрхийлж чадвал парламентын институцийн үнэ цэн хэвээр үлдэнэ. Парламент өөрийн эрх мэдлийг хамгаалж чадахгүй бол ардчиллын тэнцвэр маш хурдан алдагддаг.
Энэ бүхний цаана Л.Оюун-Эрдэнийн ярианд анзаарагдсан өөр нэг санаа бий. Тэр бол Ерөнхийлөгчийн ирээдүйн улс төрийн байрлалын тухай болгоомжлол. Уг нь Ухнаагийн Хүрэлсүх нэгэнтээ чуулганы танхимд орж үг хэлэхдээ дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ ил тод хэлсэн. Үүнд нь Л.Оюун-Эрдэнэ итгэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ улс төрийн туршлагатай хүмүүсийн хувьд үг бол үргэлж эцсийн баталгаа биш гэдгийг мэддэг. Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын өнгө аясаас харахад тэр энэ амлалтад бүрэн итгээгүй нь мэдрэгдсэн. Тэр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараах улс төрийн боломжуудын талаар ам нээв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн суудлаас буугаад МАН-ын даргаар эргэн ирэх, улмаар улс төрийн төвд дахин нөлөөтэй тоглогч болохыг ч үгүйсгэхгүй байв.
Монголын улс төрийн түүхийг эргээд харахад ийм сценари огт шинэ зүйл биш. Том улстөрчид нэг албан тушаалаас буугаад улс төрөөс бүр мөсөн алга болчихдоггүй. Харин ч заримдаа илүү том нөлөөтэйгээр буцаж ирдэг. Тиймээс энэ болгоомжлолыг Л.Оюун-Эрдэнэ ганцаараа бодоод байгаа зүйл биш, харин МАН дотор чимээгүй яригдаж байгаа сэдэв гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна.
Өнөөдөр МАН гаднаасаа нэг нам мэт харагдавч дотор нь хэд хэдэн нөлөө бүхий бүлэглэл бий. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн нөлөөнд ойр, нөгөө хэсэг нь Засгийн газрын тойрог, бас намын аппаратын өөрийн сонирхолтой бүлгүүд байдаг. Энэ бүлэглэлүүдийн хоорондын өрсөлдөөн ил гарч харагддаггүй ч бодит байдал дээр үргэлж оршсоор ирсэн. Сүүлийн үед энэ зөрчил илүү тодорч эхэлсэн нь улс төрийн ажиглагчдын анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, МАН дотор нэг төрлийн “хүйтэн дайн” явж байна гэж хэлж болохоор нөхцөл үүсжээ.
Хэрэв эрх барьж байгаа нам дотор ийм ан цав үүсвэл улс төрийн тавцанд өөр нэг хүчин гэнэт хүчтэй болж гарч ирдэг жам бий. Энэ бол сөрөг хүчин. Монголын өнөөгийн нөхцөлд тэр боломж хамгийн түрүүнд Ардчилсан намд нээгдэж магадгүй байна. Сүүлийн жилүүдэд дотоод зөрчил, лидерийн маргаанаас болж сул харагдаж байсан энэ намд улс төрийн шинэ боломж үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Хэрэв МАН доторх зөрчил улам гүнзгийрвэл тэр завсрыг ашиглах хамгийн бодит хүч нь АН байх магадлал өндөр. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” ярилцлагад орсон нь улс төрийн дохио, анхааруулга, магадгүй удахгүй эхлэх томоохон улс төрийн тэмцлийн эхлэл ч байж мэднэ. Нэг талд нь Ерөнхийлөгч, нөгөө талд нь Ерөнхий сайд асан, дунд нь парламент, намын дотоод фракцууд, сөрөг хүчин гээд олон тоглогч оролцсон том шатрын өрөг аажмаар эхэлж байгаа дүр зураг харагдаж байна гэж хэлж болохоор. Харин энэ тоглоомын эцэст хэн хожихыг хэлэхэд эрт ч МАН доторх ан цав улам томорвол тэр завсраар орж ирэх улс төрийн хамгийн том боломж сөрөг хүчинд, тэр дундаа Ардчилсан намд л ногдох магадлал өндөр байна. Гэхдээ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ