МАН доторх “цэвэрлэгээ” Засгийн газарт нөлөөлөх үү?

img

 

Өнөөдөр эхлэх ёстой байсан Засгийн газрын ээлжит бус хуралдаан урьд шөнө гэнэт цуцлагдсан нь улс төрийн хүрээнд олон асуулт үлдээв. Уг хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын танхимаас гарах өргөдлийг хэлэлцэх товтой байсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд аль хэдийнэ тархаад байлаа.

Гэвч яг шийдвэр гарах мөчид хуралдаан цуцлагдсан нь Засгийн газрын дотоод нөхцөл байдал хоёр сайдын асуудлаас давж, илүү том улс төрийн тоглолтын шатанд орсон бололтой. Засгийн газрын сайд нарыг солих асуудал Монголын улс төрд шинэ зүйл биш. Гэвч энэ удаагийн нөхцөл байдал энгийн “сайд солих” түвшнээс давж, эрх баригч намын дотоод зөрчлийг ил гаргаж эхэлсэн шинжтэй.

Эрчим хүчний салбарын бодлого, тарифын асуудал, өвлийн эрчим хүчний доголдол зэрэг асуудлаас үүдэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн улс төрийн шүүмжлэлийн төвд орж ирсэн. Нөгөө талд боловсролын салбарын бодлого, сургалтын шинэчлэлийн маргаан Боловсролын сайд П.Наранбаярын нэрийг улс төрийн хэлэлцүүлгийн төвд авчирсан.

Гэвч эдгээр асуудал зөвхөн бодлогын шүүмжлэл биш. Танхим доторхи фракцын тэмцэл, эрх мэдлийн дахин хуваарилалттай холбоотой улс төрийн процесс өрнөж байгаа нь илт.

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэх ёстой байсан нь энэ үйл явдлыг бүр ч анхаарал татахуйц болгож байна.

Сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс Засгийн газрыг огцруулах шаардлага тавих нь бараг тодорхой болсон. Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний салбарын хямрал, инфляц зэрэг асуудлыг тэд улс төрийн гол шүүмжлэл болгон ашиглах нь тодорхой.

Ийм нөхцөлд танхим дотор сайд нарын асуудлыг хэлэлцэх нь өөрөө улс төрийн эрсдэлтэй алхам болж хувирна. Хэрэв хоёр сайдыг огцруулах шийдвэр гарвал энэ нь Засгийн газар дотооддоо задралтай гэдгийг ил тод харуулах эрсдэлтэй.

МАН доторх “цэвэрлэгээ” Засгийн газарт нөлөөлөх үү

Сүүлийн үед эрх баригч нам болох МАН дотор гишүүдийн сахилга, намын шугам зөрчсөн асуудлаар зарим гишүүдийг хөөх, шахах процесс явагдаж буй.

Хэрэв нам доторхи энэ процесс парламент дахь суудлын тоонд нөлөөлж эхэлбэл Засгийн газрын улс төрийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх магадлалтай.

УИХ дахь олонхийн дотоод задрал нэмэгдэх тусам Засгийн газрын байр суурь суларна. Улс төрийн хүрээнд ч “хэрэв МАН-аас шахагдаж буй гишүүдийн тоо нэмэгдвэл энэ нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг унагах бодит хүч болж хувирч болзошгүй” гэсэн дүгнэлт яригдаж эхэлжээ.

Хурал цуцлагдсан шалтгаан юу байв?

Албан ёсны тайлбар гараагүй байгаа ч улс төрийн хүрээнд хэд хэдэн таамаг яригдаж байна.

Нэгдүгээрт, сайд нарын асуудлыг хэлэлцэхэд танхим дотор санал нэгдээгүй байж болзошгүй.
Хоёрдугаарт, хаврын чуулган эхлэхийн өмнө Засгийн газрын дотоод маргааныг ил болгохгүй байх тактик байж болно.
Гуравдугаарт, парламент дахь улс төрийн хүчний харьцааг харж байж шийдвэрээ гаргах хүлээлтийн тактик ч байж мэднэ.

Ямартай ч Засгийн газрын хуралдаан гэнэт цуцлагдсан явдал нь улс төрийн томоохон шийдвэрүүд хаалттай хаалганы цаана хүлээгдэж байгааг илтгэж байна.

Хэрэв сөрөг хүчин Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор тавибал, түүнд эрх баригч намын дотоод задрал нэмэгдэж байвал улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөх магадлалтай. Өнөөдөр цуцлагдсан Засгийн хурал зүгээр ч нэг хойшлогдчихоогүй.  Монголын улс төрийн дараагийн том хөдөлгөөний эхлэл хэрхэн тавигдахыг хүлээж байгаа хэрэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ