Эгүүлэн татах хуульд гишүүд хэрхэн хандав?

img

 

Парламентын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал дахин хүчтэй яригдаж эхэллээ. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд тодорхой нөхцөлд бүрэн эрхээ алдах, өөрөөр хэлбэл эгүүлэн татагдах боломжийг хуульчлах санаачилга гарган холбогдох хуулийн төслийг парламентад өргөн бариад байна. Энэ санаачилга нь парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах зорилготой гэж тайлбарлагдаж байгаа ч улс төрийн хүрээнд янз бүрийн байр суурь дагуулж эхэлжээ.

Тус хуулийн төсөлд парламентын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргах, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон удаа таслах, Үндсэн хууль зөрчих, эсвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдох зэрэг нөхцөл үүсвэл гишүүний бүрэн эрхийг эгүүлэн татах боломжийг тусгажээ. Ингэхдээ шийдвэрийг шууд гаргахгүй, харин УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос эхлээд нэгдсэн чуулганаар хэлэлцэх, улмаар Үндсэн хуулийн байгууллагын дүгнэлтийг авах зэрэг хэд хэдэн шат дамжлагаар шийдэх зохицуулалт тусгасан байна. Энэ нь парламентаас сонгогдсон гишүүний бүрэн эрхэд хэт шууд халдахгүй, нөгөө талаас хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох зорилготой гэж тайлбарлагдаж байгаа юм.

Харин энэхүү санаачилгын талаар парламентын зарим гишүүд өөр өөр байр суурь илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ёс зүйн асуудлыг чангатгах шаардлагатай гэдэгтэй санал нэг боловч хэрэгжүүлэх хэлбэр нь тодорхой маргаан дагуулж болзошгүй гэж үзэж байна. Түүний хэлснээр төрийн байгууллагын нэр хүнд, иргэдийн итгэл буурч буй нөхцөлд хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зайлшгүй боловч энэ асуудлыг зөвхөн парламентын гишүүдэд хязгаарлах нь учир дутагдалтай байж магадгүй аж. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудын бүрэн эрх, хяналт, хариуцлагыг бүхэлд нь зохицуулах шинэ хуулийн төсөл боловсруулах шаардлагатай гэж тэр үзэж байгаа юм.

Түүний тайлбарласнаар шинэ санаачилга нь зөвхөн УИХ-ын гишүүдийг биш, харин төрийн дээд түвшний албан тушаалтнуудыг хамарсан өргөн хүрээний зохицуулалттай байх аж. Үүнд Ерөнхийлөгч, парламентын удирдлага, Үндсэн хуулийн байгууллагын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд зэрэг төрийн шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд багтах боломжтой гэж тэр онцолсон. Ингэснээр эрх мэдэл хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих, мөн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэнэ гэж тайлбарлаж байна. Тэрбээр боловсруулж буй хуулийн төслөө ойрын хугацаанд парламентын удирдлагад өргөн барихаар төлөвлөж байгаагаа мөн дурдсан.

Нөгөө талаас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара парламентын гишүүнийг эргүүлэн татах боломжийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр парламентын гишүүдийг ард түмэн сонгодог учраас тодорхой нөхцөлд иргэд буцаан татах боломжтой байх нь зөв гэж үздэг гэдгээ өмнө нь ч илэрхийлж байсан аж. Түүний хэлснээр өөрөө ч энэ чиглэлээр хууль санаачлах бэлтгэл хийж байсан бөгөөд одоо Ерөнхийлөгч болон бусад улс төрийн хүчнүүдийн өргөн барьсан төслүүдтэй харьцуулж судлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Гэхдээ тэрбээр “ёс зүй” гэх ойлголт хуульд яг ямар байдлаар тодорхойлогдох нь хамгийн их маргаан дагуулж болзошгүй асуудал гэдгийг онцолсон. Ёс зүйн зөрчлийг хэрхэн хэмжих, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцох вэ гэдэг нь тодорхой биш байвал улс төрийн зорилгоор ашиглагдах эрсдэл бий гэж тэр үзэж байна. Түүний хэлснээр улс төрд ил тод байр суурь илэрхийлдэг хүмүүсийг ёс зүйн асуудлаар буруутгах хандлага заримдаа бий болдог тул энэ асуудлыг маш нягт нямбай зохицуулах шаардлагатай аж.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр парламентын гишүүд өөрсдөө ёс зүйгүй үйлдэл гаргах, гэмт хэрэгт холбогдох зэрэг асуудал гарсаар байвал иргэдийн төрд итгэх итгэл буурч, улмаар парламентын нэр хүнд сулардаг аж. Ийм нөхцөлд гишүүдийн хариуцлагыг илүү тодорхой болгох хууль хэрэгтэй гэж тэр үзэж байна. Тэрбээр мөн парламентын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл гэсэн утгатай учраас хуралдаанд идэвхтэй оролцож, хууль санаачлах, бодлого хэлэлцэх үүргээ биелүүлэх ёстойг онцолсон. Харин чуулганы хуралдаанд удаа дараа суухгүй байх нь үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай адил гэж тэр үзэж байгаа юм.

Харин зарим гишүүдийн хувьд уг санаачилгад болгоомжтой хандах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ төрлийн зохицуулалт өмнө нь ч улс төрийн хүрээнд яригдаж байсан гэдгийг сануулсан. Түүний хэлснээр өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ ижил төстэй санаачилга гаргаж байсан ч парламентын шатанд дэмжлэг авч чадаагүй аж. Тухайн үед голчлон улс төрийн нөлөөлөл, ашиг сонирхлын бүлгүүдийн оролцооны эрсдэл яригдаж байсан гэдгийг тэр дурдсан байна.

Түүний тайлбарласнаар хэрэв гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах механизм тодорхой бус байвал санхүүгийн боломжтой, нөлөө бүхий хүмүүс улс төрийн өрсөлдөгчөө шахах хэрэгсэл болгож ашиглах магадлал бий. Өөрөөр хэлбэл, тодорхой бүлэг хүмүүс зориудаар шүүмжлэл өрнүүлж, олон нийтийн шахалт бий болгосноор парламентын гишүүний бүрэн эрхэд нөлөөлөх эрсдэл үүсч болзошгүй гэж тэр болгоомжилж байна. Иймээс энэ төрлийн хуулийн төслийг маш нягт нямбай хэлэлцэж, боломжит эрсдэлүүдийг сайтар тооцох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Ийнхүү парламентын гишүүдийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтын асуудал улс төрийн хэлэлцүүлгийн нэг гол сэдэв болж эхэлж байна. Нэг талд төрийн албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага яригдаж байгаа бол нөгөө талд энэ механизм улс төрийн өрсөлдөөний хэрэгсэл болж хувирах вий гэсэн болгоомжлол мөн дагалдаж байгаа юм. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэх явцад парламент дотор өргөн хүрээний маргаан, хэлэлцүүлэг өрнөх нь тодорхой болоод байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ