“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

img

 

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар тогтоол, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/73 дугаар тушаалын дагуу Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойном–90 жил” тусгай үзэсгэлэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

Монголын Үндэсний музейд дэлгэгдэх энэхүү үзэсгэлэнд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг цогцоор нь дэлгэн, олон нийтэд толилуулж байна.

Ринчиний Чойном нь 1936 оны 02 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Дархан суманд төржээ.

Тэрээр Хэнтий аймгийн МАХН-ын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонинд бичээч (1953 он),  Монголын Урчуудын эвлэлийн хороонд дагалдан барималчин (1956 он), Урчуудын эвлэлийн зургийн тасагт зураач (1957 он), Улаанбаатар хотын Соёлын ордонд зураач (1960 он), мөн “Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газарт зураачаар тус тус ажиллаж байсан.

Монголын утга зохиол, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэхүү үзэсгэлэнгээр эхэлж, цаашид эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Тус үзэсгэлэнг УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран зохион байгуулж байна.

Утас: 70110913, 99123922

Цахим сайт: www.nationalmuseum.mn

https://www.facebook.com/nationalmuseummongolia 

 

Монголын Үндэсний музей

СЭТГЭГДЭЛ БИЧИХ