Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаярын хэнд нь итгэх вэ
Л.Оюун-Эрдэнэ сүүлийн өдрүүдэд өгсөн ярилцлага, мэдэгдлүүддээ нэлээд ноцтой зүйлс ярьсан. Тэрээр хэлэхдээ Б.Энхбаярыг
- Томоохон компанитай холбоотой мөнгө авсан байж болзошгүй
- Нүүрсний гэрээнүүдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй
- Нүүрсний сонсголыг зориуд чиглэлээс нь өөрчилсөн
- Бүр цаашлаад их хэмжээний мөнгөний схемд нэр холбогдож магадгүй гэв.
Тэр дундаа хүмүүсийн хамгийн их анхаарал татсан нь “Бодь” групптэй холбоотой асуудал. Л.Оюун-Эрдэнэ “хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 1 сая гаруй ам.долларын хэмжээний мөнгө авсан байж болзошгүй” гэж ярьсан. Гэхдээ үүнийгээ “надад ингэж мэдээлэл ирсэн”, “гэрчүүд хэлсэн” гэдэг байдлаар тайлбарласан нь бас маргаан дагуулж байна. Мөн тэр Тавантолгой төмөр замаас эхтэй 100 сая давсан долларын урсгал эцэстээ бэлэн мөнгө болж тараагдсан байж магадгүй гэх маш ноцтой, гэхдээ одоогоор батлагдаагүй мэдэгдлийг ч хийсэн. Энэ бүхний цаана нүүрсний хэрэг гэж том сэдэв явж байгаа. Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаагаар зарим оффтейк гэрээ тендергүй, хаалттай хийгдсэн, тэр дундаа “Бодь”-той холбоотой гэрээ давуу нөхцөлтэй байсан байж магадгүй, үүнийг шалгах ёстой байтал нүүрсний сонсгол дээр энэ асуудлыг хөндөөгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл Б.Энхбаяр хамгийн чухал асуудлыг зориуд орхисон байж магадгүй гэж хардаж байгаа гэсэн үг.
Нөгөө талд Б.Энхбаяр энэ бүхнийг эрс няцаав. Л.Оюун-Эрдэнэ улс төрийн дайралт хийсэн бөгөөд баримтгүй, үндэслэлгүй, улс төрийн зорилготой мэдэгдэл гэж үзэв. Мөн хэрвээ нотлох баримтгүй бол энэ нь гүтгэлэг болно гэдгийг сануулсан байр суурь илэрхийлсэн. Гэхдээ одоогоор мөнгө аваагүй гэдгийг батлах санхүүгийн баримт, эсрэг нотолгоо, өөрийн талаас дэлгэсэн шинэ факт гэж ил тод гаргаж тавьсан зүйл хараахан алга. Ер нь бол Б.Энхбаяр ч бай Л.Оюун-Эрдэнэ ч бай хөдөлшгүй баримт дэлгэчихээгүй, хэвлэлийнхэний өмнө хов шидэлцэж байгаа нь ердөө нам доторх том зөрчил ил гарч эхэлсний дохио, нүүрсний хэрэгтэй холбоотой дараагийн давалгаа ч байж магадгүй, эсвэл зүгээр улс төрийн байр суурийн тэмцэл ч байж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ