ЕВРЕЙЧҮҮДИЙГ ХАМГААЛАХААР ЦЭРГҮҮДИЙГ ДАЙЧИЛЖЭЭ

img

 

Бельгийн томоохон хотуудад еврейчүүдийн эсрэг халдлагууд гарах болсонтой холбоотойгоор аюулгүй байдлыг хангахын тулд даваа гарагаас эхлэн цэргийн алба хаагчдыг гудамж талбайд байршуулж эхэлснийг тус улсын эрх баригчид мэдээлэв.

Энэ сарын эхээр Льеж хотын еврейчүүдийн сүмд дэлбэрэлт болсны дараа ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд хууль сахиулах байгууллагууд үүнийг еврейчүүдийг үзэн ядах үзлээс үүдэлтэй халдлага гэж мэдэгджээ.

“Аюулгүй байдал бол хүний үндсэн эрх. Тиймээс өнөөдрөөс эхлэн Брюссель болон Антверпен хотын гудамж талбайд дахин цэрэг байршуулж байна. Ингэснээр Антверпен хот илүү аюулгүй болж байна. Бид еврейчүүдийг үзэн ядах үзлийг тэвчихгүй” гэж Бельгийн Батлан хамгаалахын сайд Тео Франкен Х нийгмийн сүлжээнд бичжээ.Цэргийн алба хаагчид цагдаа нартай хамтран ажиллах бөгөөд еврейчүүдийн сүм, сургууль зэрэг объектуудын аюулгүй байдлыг хангах ажээ. 

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, цэргүүдийг гурван үе шаттайгаар буюу эхний ээлжинд Брюссель, Антверпен хотод, дараа нь Льеж хотод байрлуулахаар төлөвлөжээ. Үүний сацуу хөрш зэргэлдээ Нидерландад мөн еврейчүүдийн эсрэг халдлагууд гарчээ. Тухайлбал, Роттердам дахь еврейчүүдийн сүмийг галдан шатаахыг оролдсон хэрэгт сэжиглэн 17-19 насны таван залууг саатуулсан бол Амстердамд еврей сургуульд дэлбэрэлт болжээ.

Мөн энэ сарын эхээр Осло дахь АНУ-ын Элчин сайдын яам дэлбэрэлтэд өртсөнийг Норвегийн мөрдөн байцаагчид террорист халдлага гэж тодорхойлсон байна. Дээрх халдлагуудын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. 

АНУ, Израил хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа дэлхий даяар еврейчүүдийн эсрэг халдлага нэмэгдэж байгааг хүний эрхийг хамгаалагчид анхааруулж байна. Тухайлбал, даваа гарагт Лондон хотын хойд хэсэгт еврейчүүдийн байгууллагын түргэн тусламжийн дөрвөн машиныг санаатайгаар шатаасан хэрэг гарчээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ