ЭНЭТХЭГТ ХИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭЖЭЭ
Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааны улмаас Энэтхэг улсын импортолдог шингэрүүлсэн хийн 60 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдаад байгаа тул тус улсад сүүлийн хэдэн арван жилд болоогүй хамгийн хүнд хийн хямрал нүүрлээд байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
“Pradhan Mantri Ujjwala Yojana” (PMUY) хэмээх хөтөлбөр хэрэгжүүлснээр Энэтхэгт шингэрүүлсэн хийн хэрэглээ 2016 оноос хойш эрс нэмэгдсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд ядуу иргэд болон хөдөө орон нутгийн айл өрхүүдэд уг түлшийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болжээ. 2026 оны гуравдугаар сар гэхэд 100 сая айл өрх тус хөтөлбөрт хамрагдсан байна.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлсний дараахан буюу гурван долоо хоногийн өмнө хийн баллон худалдан авахад хүндрэл үүсжээ. Энэтхэгчүүд жилд 30 сая орчим тонн шингэрүүлсэн хий хэрэглэдэг бөгөөд үүнээс 87 хувийг нь иргэд хэрэглэдэг байна. Шингэрүүлсэн хийг хоол хийх болон төвлөрсөн системд холбогдоогүй байшингуудыг халаахад ашигладаг ажээ. Энэтхэгийн эрх баригчид хийд холбох ажлыг идэвхтэй хийж байгаа боловч энэ ажил нь цаг хугацаа их шаарддаг, зардал ихтэй байдаг. Тиймээс далайн боомтуудаас хол хот суурингууд болон Энэтхэгийн хэмжээнд харьцангуй цөөн хүн амтай бүс нутгуудад шингэрүүлсэн хийг ашигладаг байна.
Хийн хомсдол үүссэнээс болж цогцос чандарлах газруудын үйл ажиллагаа зогссон байна. Мөн жижиглэн худалдаанд индукцийн болон бусад цахилгаан зуухны эрэлт гэнэт өссөн байна. CNN сувгаар мэдээлснээр, иргэд хий түгээх цэгүүдэд шөнийн 3 цагаас эхлэн хэдэн цагийн турш дараалалд зогсож байгаа ажээ.
Шинэ Делид стандарт баллонтой шингэрүүлсэн хийн хөнгөлттэй үнэ гуравдугаар сар гарснаас хойш 6.5 хувиар өсөж, 913 рупи (10 орчим ам.доллар) болсон бол хөнгөлөлтгүй үнэ 7.6 хувиар өсөж, 1884.5 рупид (20 орчим ам.доллар) хүрчээ. Энэтхэгийн томоохон хотууд төвлөрсөн хийн системтэй ажээ.
Энэтхэгийн эрх баригчид иргэдэд хандан сандралд автахгүй байхыг уриалаад газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг аль болох нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ