ФРЕДЕРИКСЕНИЙ ЭВСЭЛ СОНГУУЛЬД ТЭРГҮҮЛЭВ
Данийн парламентын ээлжит бус сонгуулийн экзитполын дүнгээр Ерөнхий сайд Метте Фредериксен тэргүүтэй зүүн төвийн үзэл баримтлалтай эрх баригч эвсэл тэргүүлж байна. Телевизийн DR суваг болон Epinion судалгааны хүрээлэн урьдчилсан санал асуулгын дүнг танилцуулжээ.
Социал-демократ, Либерал болон Аядуу үзэлтнүүдийн намуудаас бүрдсэн тус эвсэл Данийн нэг танхимт парламентын 179 суудлаас 83-ыг авах төлөвтэй байна. Харин баруун төвийн үзэл баримтлалтай сөрөг хүчний эвсэл 79 суудал авах магадлалтай байгаа аж. Парламентад үнэмлэхүй олонх болохын тулд 90 суудал шаардлагатай юм.
Социал-демократ намын төлөөлөл Метте Фредериксен Данийн засгийн газрыг бараг долоон жилийн турш тэргүүлж байгаа бөгөөд энэ удаад гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдохоор өрсөлдөж байна.
Түүний гол өрсөлдөгчид нь либерал үзэлтнүүдийн “Венстре” намын төлөөлөгч, Батлан хамгаалахын сайд Трульс Лунд Поулсен, мөн 2001-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Ларс Лёкке Расмуссен /Аядуу үзэлтнүүдийн нам/ юм.
Энэ удаагийн сонгууль нь Данийн харьяанд байдаг хагас автономит Гренландын асуудал олон улсын анхаарал татаж буй үед болж байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр баялгийн татвар, хүнс болон шатахууны үнэ, цагаачлал зэрэг дотоод бодлогын асуудлууд голлон яригджээ.
Эх сурвалж: Reuters, DR.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ