"SPIDER-MAN BRAND NEW DAY" ТРЕЙЛЕР ТҮҮХЭН АМЖИЛТ ТОГТООВ
“Spider-Man: Brand New Day” трейлер үзэлтээр түүхэн амжилт тогтоожээ
Sony компанийн бүтээл болох “Spider-Man: Brand New Day” киноны трейлер цацагдсанаас хойш дөрөвхөн хоногийн дотор дэлхий даяар 1 тэрбум гаруй удаа үзэгдэж, түүхэн амжилт байгууллаа. Кинонд Том Холланд хүн аалзын дүрийг дахин бүтээж, шинэ адал явдлыг үзэгчдэд хүргэнэ. Киноны дэлхийн нээлт долдугаар сарын 31-нд товлогдсон байна.
WaveMetrix платформын мэдээллээр, уг трейлерийн нийт үзэлт одоогоор 1.1 тэрбумд хүрч, бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлер болжээ. Цацагдсанаас эхний 24 цагийн дотор 718.6 сая удаа үзсэн нь зөвхөн кино төдийгүй видео тоглоомын трейлерийн дээд амжилтыг давжээ. Харин эхний найман цагийн үзэлт 373 саяд хүрч, киноны түүхэнд бичигдэх амжилт болсон байна.
Өмнө нь үзэлтээрээ дээд амжилт эзэмшиж байсан “Deadpool and Wolverine” киноны трейлер 2024 онд Super Bowl-ийн үеэр цацагдаж, 24 цагийн дотор 365 сая үзэлттэй байжээ. Мөн “Grand Theft Auto VI” видео тоглоомын трейлер 24 цагийн дотор 475 сая үзэлттэй байсныг эвджээ. Үүнээс өмнө Sony-ийн “Spider-Man: No Way Home” киноны трейлер 24 цагийн дотор 355.5 сая удаа үзэгдэж, кино нь нийт 1.9 тэрбум ам.долларын орлого олж байсан юм.
“Brand New Day” кинонд Том Холланд “No Way Home”-оос хойш хүн аалзын дүрд анх удаагаа дахин тоглосон бөгөөд Зендаяа, Сэди Синк, Жейкоб Баталон, Жон Бернтал, Трамелл Тиллман, Майкл Мандо, Марк Руффало нар гол дүрүүдэд тоглосон байна. Найруулагчаар Дестин Дэниел Креттон ажилласан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ