ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжин, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсад анх удаа нийтийн ашиг сонирхолтой холбоотой авлига, албан тушаал, төсөв, татвар зэрэг зөрчил, гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг төрөөс хамгаалах, дэмжих, урамшуулах эрх зүйн зохицуулалт бий болох гэж байгааг онцоллоо.

Дэд сайдын мэдээлснээр, гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хууль бус үйлдлийг илрүүлэхээс гадна тухайн хэрэгтэй холбоотой баримт, мэдээллийг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн иргэдийг хамгаалах нь чухал аж. Ийм зохицуулалт олон улсын жишигт өргөн хэрэгждэг бөгөөд авлига, албан тушаалын гэмт хэрэг багатай улс орнуудад шүгэл үлээгчийг хамгаалах хууль хэрэгждэг байна.

Тэрбээр “Монголын нийгэмд хамгийн том аюул занал бол авлига, албан тушаалын гэмт хэрэг. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам санаачлан боловсруулж, Засгийн газар дэмжиж энэ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн” гэв.

Хуулийн төслийн гол зохицуулалт

Хуулийн төсөлд шүгэл үлээгчийг хамгаалах болон урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Тухайлбал, шүгэл үлээсэн иргэнийг 1 сая төгрөгөөс 5 тэрбум төгрөг хүртэлх хэмжээгээр урамшуулах боломжтой зохицуулалт багтсан байна.

Мөн уг хуулийн төсөл 7 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дагалдуулан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Энэ хуулийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлж батлуулах чиглэлээр ажиллана” гэдгийг мэдэгдлээ.

Мөн тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл мэдэж байгаа иргэдийг шүгэл үлээж, хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгөхийг уриалсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ