ФОТО: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨГЖИЛ

img

 

Их хотын иргэдийн салшгүй хэрэгцээ нь нийтийн тээвэр билээ. Улаанбаатар хотын орчин цагийн нийтийн тээврийн үйлчилгээ 1925 оноос эхлэн хөгжжээ. Өдгөө 100 жилийн түүхтэй энэ салбарт үе шаттай шинэчлэл хийгдсээр байна. Ирэх жилүүдэд нийтийн тээврийн салбарт дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж, төлбөрийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлж байна. Ингэснээр орлого нэмэгдэж байгаа. 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн. Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна.

1925 оны долдугаар сарын дундуур “Улсын тээх газар”-ыг байгуулж байсан нь Монголын анхны механикжсан нийтийн тээврийн эхлэл байлаа.

1929 он хотын хүн ам өсөж, тэлэхийн хэрээр хотын доторх иргэдийг зөөвөрлөхөд автомашиныг хэрэглэх шаардлага гарчээ. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Монголтрансын 1929 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар Улаанбаатар- Амгаланбаатарын хооронд өдөр тутам 2 машин 5 удаа явж зорчигчдыг зөөх болсноор хотын дотор зорчигсдод зориулсан авто тээвэр үүсжээ. 1933 оноос тогтмол 2 чиглэлийн замаар автобус хүн зөөж эхлэв. Их дэлгүүрээс Амгалан, Гандангаас Зүүн дэнжийн нисэх онгоцны буудал хүртэл, өдөрт тогтоосон хэдэн цагийн завсарлагатайгаар явах болов. Тухайн үед автобусны суудлын үнэ 20-40 мөнгө байжээ.

1959 наймдугаар сарын 12. Сайд нарын Зөвлөлийн 332 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автобус, такси, моторын баазыг автобусны бааз, такси бааз болгон салгаж, аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар тогтоожээ.

1958-1972 онуудад хэд хэдэн хувилбараар үйлдвэрлэж байжээ. Улаанбаатарын шугамын автобусанд хоёр ба нэг хаалгатай Шкода ашиглаж байсан. Жараад оны сүүлчээр манайхан хоёр хаалгатай улаан автобусыг нь “Төв замын түрэмгий улаан“, нэг хаалгатай цэнхэр автобусыг нь “Түүний дүү түгжээн цэнхэр” гэж нэрлэсэн байв.

 

1964 оны зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотын АДХГЗ-аас автобус, такси зэрэг нийтийн үйлчилгээний уналгаар зорчигчдын дагаж биелүүлэх үүргийг тогтоож өгчээ. Тэрхүү журмын ёсоор нийтийн дарааллын журмыг баримталж заасан хаалгаар орж гарч байх, өндөр настан, тахир дутуу, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдийг урд хаалгаар орохыг зөвшөөрөх, тамхины иш, билет, чихрийн цаас зэрэг хог хаяхгүй байх, мөнгөө шаардуулахгүй төлж билетээ авч байхаар зааж, автобусаар зорчигч нь нэг чемоданаас хэтэрсэн тээш авч явах, хүмүүсийн хувцсыг бохирдуулах, тэсэрч дэлбэрэх, гал түргэн авалцах зүйлс, муур нохой болон тусгайлсан хамгаалалтгүйгээр хурц үзүүр иртэй зүйл, буу зэвсэг, авч явахыг хориглосон байна.

 

 1987 онд цахилгаан тээвэр буюу троллейбус үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд 15 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байв.

 

1995 онд Чехословак улсын Кароса автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийж байв. 1961-1981 оны хооронд үйлдвэрлэсэн загвар. 65 км/цагийн дээд хурдтай, 32 хүний суудалтай, гурван хаалгатай. Тухайн үед Чехословак улсын кароса автобусын засварын цехд хотын удирдлагууд ажиллаж байжээ. 

1992 онд Орбит-Сүхбаатарын талбай чиглэлийн паз автобус явж байв.

1998 оны аравдугаар сард "Сити такси” компани 200 такситайгаар үйлчилгээгээ эхлүүллээ.

Улаанбаатар хотын Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сэргээх төслийг Япон Улсын Засгийн газрын тусламжтайгаар 1995-1997 оны хооронд гурван үе шаттай хэрэгжүүлж байв. Энэ ажлын хүрээнд Ниссан дизель загварын 60 ширхэг, Хино загварын 40 ширхэг автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ. Эдгээр автобус 2009 он хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд явсан юм.

 

2007 онд нийт 340 орчим микро автобус нийслэлд үйлчилгээнд явж байв. 

 

2011 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар такси нээлтээ хийлээ. 

 

2020 оны нэгдүгээр сард Цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж эхэллээ.

 

2020 оны зургаадугаар сард Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан давхар автобусыг хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ. 

 

2023 оны есдүгээр сард шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд танилцуулж байв. 

 

2023 оны 12 дугаар сард БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус Улаанбаатарт ирлээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ