Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр хоёр удаа сонгох уу?

img

 

“Зургаан жил  нэг удаа” гээд байсан чинь... Улстөр заримдаа их хоржоонтой, хөгийн юм...

2019 онд бид Үндсэн хуульдаа гар хүрч, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж шийдсэн. Тэр үед гоё үгс их явж байлаа...  “популизмаас сална”, “эрх мэдэл төвлөрөхгүй”, “дахин сонгогдох гэж улайрахгүй Ерөнхийлөгчтэй болно” гэх мэт. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүн маань дараагийн сонгуулийн төлөө биш, улс орны төлөө ажиллах боломж бүрдэнэ гэсэн найдвар. Гэтэл өнөөдөр тэр найдвар маань өөрөө Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гээд л яригдаж эхэллээ.

Үндсэн хуулийн цэц уг заалтыг зөрчилтэй гэж үзсэн нь улс төрийг хөдөлгөөнд оруулчихлаа. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд сонгогдсон. Хэрэв хуучин заалт хэвээр бол 2027 онд бууна, дахин нэр дэвшихгүй. Өөрөө ч тэгж хэлж байсан.

Гэхдээ боломж гарвал амлалт бол түй ч хамаа алга болж...

Сүүлийн үед “дөрвөн жилээр хоёр удаа” гэсэн хувилбар хааяа нэг цухалзаад байгаа. Хэрэв энэ хувилбар бодит болбол юу болох вэ?
Товчхондоо одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших зам нээгдэнэ. 2019 онд дахин сонгогдохгүй байя гэж өөрсдөө шийдсэн систем, 2026 он гэхэд “за жаахан бодоод үзье” гэдэг дээрээ ирчихэж... 
Дүрмээ өөрчилж тоглолтоо үргэлжлүүлэх гэж байна уу? “хааны суудал дулаахан юм чинь, дөрвөн жилээр хоёр удаа гэдэг нь титмээ удаан зүүх шинэ арга биш биз?” Иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан гэж үзэх онолын боломж бий. Хэрэв Цэц яг энэ өнцгөөс дүгнэсэн бол түүнийг шууд буруутгах аргагүй. Гэхдээ улс төр гэдэг “зөв эсэх”-ээр хэмжигдэхгүй. Яагаад яг сонгуулийн мөчлөг ойртож байгаа энэ үед вэ? Яагаад яг одоогийн Ерөнхийлөгчийн хугацаатай давхцаж энэ асуудал сөхөгдөв? Хэрэв үнэхээр “дөрвөн жилээр хоёр удаа” гэдэг хувилбар батлагдвал 2019 оны реформын гол утга үндсэндээ алга болох төдийгүй, тэр үед ердөө л өрсөлдөгчөө унагах гэсэн зорилгоор эцэг хуулинд гар хүрсэн таамаг үнэн болж таарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ