МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний хувьд МУУҮА-ийн Зөвлөлийн шийдвэрээр 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ингэснээр 30 гаруй жилийн түүхтэй Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн анхны эмэгтэй гүйцэтгэх захирал болсон юм.
Г.Эрдэнэтуяа захирлын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Байгаль орчин, нийгэм, засаглалын стандартуудыг нутагшуулах, үүнийг хэрэгжүүлэхээс гадна дэлхийн 13 оронд хэрэгжиж буй “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM) стандарт болон НҮБХХ-тэй хамтран боловсруулсан "Хариуцлагатай уул уурхайн кодекс"-ийг уул уурхайн салбарт амжилттай нэвтрүүлсэн билээ.
Мөн "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний цар хүрээг улам тэлж, уул уурхайн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнгийн хамтаар өргөжүүлэн хөгжүүлж зохион байгуулж буй.
Энэ үеэр "Уурхайчдын наадам" болон "Уурхайчдын спортын их наадам"-ыг тогтмол явуулж, салбарын эв нэгдэл, хамтын оролцоог чухалчилсан. Эдгээрээс гадна салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх "Ирээдүйн инженер" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
Орон нутагт ил тод мэдээллийг хүргэх бүсийн чуулга уулзалтыг тасралтгүй хийж, компани, орон нутаг, нутгийн иргэдийн харилцааг бэхжүүлж, эргэх холбоог үүсгэсэн.
МУУҮА-ийн Зөвлөл хуралдаж, Ассоциацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал П.Оюунбилэгийг томилсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ